Эрүүл мэндийн үйлчилгээ цахимжина

2016 оны 1 сарын 7

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт“ иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан байдаг. Мөн “Цахим засаг” үндэсний хөтөлбөрт“ төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох” гэсэн том зорилтыг тавьсан. Эдгээр зорилтуудыг хангах ажлын эхлэл болгож төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, мөн аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ, Монгол Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийг олгож санхүүжүүлсэн. “Цахим эрүүл мэнд” төсөл нь нийт 18.9 сая америк долларын төсөвт өртөгтэй бөгөөд тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж байна. Нийтдээ 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамж нийлүүлэгдэх юм.

Төсөл хэрэгжсэнээр:

  • Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ цаг хугацаандаа хүрэх;
  • Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж чадах ба тусламж үйлчилгээний чанар тэр хэрээр дээшлэх;
  • Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх;
  • Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх;
  • Алсын зайн оношилгоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх;
  • Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм.

Д.УУДАМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна