“Улаан буудайн асуудлыг АТГ-аар шалгуулна”

2016 оны 1 сарын 7

Өнгөрсөн жил манай улс ургацынхаа багагүй хувийг алдсан. Үүнээс үүдэж гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орж, талх, боорцог, гоймонгоо үйлдвэрлэж чадахгүй шахам болж байсан. Тиймээс ч салбарын яамандаа хандаж импортын гурил оруулж ирэх зөвшөөрөл хүсч, дотоодод буудайн хомсдлоос үүдэж гурилын үнэ өссөн нь алдагдалтай ажиллахад хүрч байгаагаа удаа дараа учирласан байдаг. Энэ ч үүднээс 2016 онд 40300 тонн улаан буудайн гурилыг импортлохоор болж 65 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон юм. Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн ихэнх нь дотоодын үйлдвэрлэгч биш, дээрээс нь гурил дамлан зардаг газрууд хэмээн “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хүнсчдийн холбоо”-ны зүгээс мэдээлсэн. Улмаар ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нарыг Авлигатай тэмцэх газарт /АТГ/ шалгуулна хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өөрийн хүсэлтээр холбогдох мэдээллийг өгч, АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан юм. Энэ үеэр дараах тодруулгыг авлаа.

-Улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийн асуудал маргаан дагуулж байна. Таныг энэ асуудлаар АТГ-т өгсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ХХААЯ-наас Хүнсний тухай хуулиар стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд заасны дагуу зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд хэрэгцээт улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийг яамнаас олгосон. Үүнтэй холбоотойгоор зарим холбооноос ХХАА-н сайд болон Төрийн нарийн бичгийн дарга миний биеийг АТГ-т өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар би АТГ-аас тодруулахад, өчигдрийн байдлаар ийм мэдээлэл ирээгүй гэж байна.

Ямартай ч ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга миний бие энэ асуудлыг АТГ-аар шалгуулах хүсэлтийг сая өглөө. Холбогдох дүрэм журамд заасны дагуу энэ асуудлыг АТГ шалгах байх.

-Гол нь 5-6 л дотоодын үйлдвэрлэгчид зөвшөөрөл өгсөн, бусад нь дамлан зардаг газрууд байсан гэдэг дээр асуудал үүсээд байгаа биз дээ?

-2015 оны хувьд улаан буудайн ургац алдсан жил байсан. Тиймээс ХХААЯ-ны зүгээс 125 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Улсын хэмжээнд 250 орчим аж ахуйн нэгж нарийн боов үйлдвэрлэдэг. Энэ дундаас зөвхөн дөрвөн аж ахуйн нэгж хүсэлт гаргаж оролцоод 3500 орчим квот авсан. Үүний цаана байгаа 240 орчим аж ахуйн нэгжийн зүгээс импортлох зөвшөөрөл хүсээгүй.

-Зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуур тавьсан бэ?

-Тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, туршлага зэрэг дээр үндэслэж шийдвэр гаргасан. Жишээ нь, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны зүгээс 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл хүссэн. Гэвч энэ аж ахуйн нэгж санхүүгийн чадамжийнхаа хувьд шаардлага хангаагүй. Тиймээс зөвшөөрөл олгоогүй. Дээрээс нь санхүүгийн чадавхигүй мөртөө улаан буудайн гурил импортлох квот дамлаж зарах явдал газар авсан. Тиймээс энэ мэт эрсдэлээс сэргийлж шийдвэр гаргасан. Иймээс зарим нэг аж ахуйн нэгж, холбоодод давуу эрх олгоогүй гэдгийг дахин хэлье.

Б.ЗОЛЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна