С.Ганбаатар: МАНАН нойргүй хонож байгаа

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: МАНАН нойргүй хонож байгаа

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие өнгөрсөн 11 жил ард түмнийхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэлээ. Өнгөрсөн 25 жил үнэхээр хүнд цаг үеийг авчирсан. Тиймээс ирэх 25 жилийн өнгөрсөн 25 жил шиг болгомооргүй байна. Дархан-Уул аймагтаа ХҮН-д элслээ. Энэ намд элссэн үндсэн шалтгаан бол монголчууд дахиад өнгөрсөн 25 жил энэ байдлаар явах бол цаашдаа тэсэхгүй. Бид байгалийн үндэсний баялгийг ард түмэндээ ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад тал дээр хамтарч ажиллах ёстой.

 

Энэ Засгийн газар уул уурхайн компаниудын хувийн Засгийн газар шиг болчихсон байна. Бүр сүүлдээ УИХ худалдагдсан юм шиг аяглаж байгаа. Тиймээс энэ бүгдийг засч залруулах, нийгмийг шударга болгох зорилготой байгаа юм. Өнөөдөр 1 сая 200 мянган хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна гэдэг бол нийгэм шударга бус байна гэсэн үг юм. Баян хоосны ялгаа улам их гаарч байгаа. Энэ үед нийгэм шударга байх боломжгүй. Түүнчлэн Монголын тусгаар тогтнолоо илүү бат болгох шаардлагатай болчихсон байна. Эдгээр зорилгыг ХҮН дэвшүүлж тавьсан учираас би гишүүнээр элссэн” гэв.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Цахим ертөнцөөр С.Ганбаатар гэдэг хүн өөрөө энэ намын ард анхнаасаа байсан. Гэтэл одоо гишүүнээр элсч жүжиг тавьлаа гэх мэдээлэл яваад байгаа?

 

-Нэгдүгээрт байгаагүй. Та бүхэн хянаж болно. Хоёрдугаарт, фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчдийг хүндэлдэг. Ялангуяа твиттерт нуусан зарим нэг хүмүүс үргэлж намайг янз бүрээр хэлдэг. Би ил тодоор “Рио Тинто” Монгол Улсыг луйвардаж байна гэж хэлдэг. Тэдгээр нууц багны ард асар их цаг зав, мөнгө байгаад байгаа. Тэдгээрийг хэн санхүүжүүлээд байгаа болоод хэн бэ гэдэг нь ил тодорхой байгаа байх. Би үүнд санаа зовохгүй байна.

 

-Сонгуулийн хууль бие даагчдыг шахсан хууль болсон учир С.Ганбаатар ХҮН-д элссэн гэх хардлага ч байгаа. Энэ талаар  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч хэвлэлийн бага хурлын үеэр дурьдсан?

 

-Ямар ч байсан хамт ажилласан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүдэд би талархаж явдаг. Үнэхээр эх орныхоо төлөө надтай хамтарч ажилласан. Цаашид ч бид сэтгэлээрээ хамтарч ажиллана. Эдгээр гишүүд Дорнод, Хөвсгөл аймгуудаас сонгогдсон. Би Дархан-Уул аймгаас сонгогдсон. Биднийг нэгтгэдэг зүйл бол ард иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал. Тиймээс энэ хоёр гишүүн Дорнод, Хөвсгөл аймгийн иргэдээс асууж байж шийдвэр гаргах байх. Миний хувьд бол дарханчуудаасаа асуусан. Сонгуулийн хуулийн хувьд биднийг зовоох, боомилохын тулд бүх МАН, АН бүх чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ дээр тэнгэр гэж байдаг. Сонгуулийн тухай хуульд бие даагчдыг шахсан, бие даагчдыг  ямар ч боломжгүй тийм хуулийн заалтууд орсон тухай хуульчид надад хэлж байгаа. Тиймээс энэ болгоныг засч залруулахаар ҮХЦ-д хандахаас өөр аргагүй байдал үүссэн.

 

-ХҮН-ын санхүүжилтийг ил болгож болох уу. Бие даагч гишүүдийн зарим нь барууны санхүүжилттэй гэх мэдээлэл өгсөн?

 

-Өнөөдөр Рио Тинтогийн талаар хэдхэн хүн дуугарах боломжтой. Бусад хүмүүс дуугарвал тэр өдөрт нь “нядлана” шүү дээ. Та бүхэн бүгд үүнийг мэдэж байгаа. Залуус дөнгөж Монголын төлөө зүтгэхээр санаа бодлоо уралдуулж байгаа хүмүүс тийм эрсдэлд орох шаардлагатай юу, үгүй юу гэдгийг эргээд бодох хэрэгтэй. Харин энэ намын санхүүжилтийн ил тод байдлын талаар бүх асуудал нээлттэй. Ер нь бол хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж орилдог. Рио Тинто Монгол орныг хулгайлж байгаа. Өнөөдөр манай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар Рио Тинтогийн зараалууд. Тун удахгүй би та бүхэнд мига төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Баярцогтын ирүүлсэн нэг бичгийг үзүүлнэ.

 

-Та Оюутолгойд шүүмжлэлтэй ханддаг. Энэ чиг хандлага чинь ХҮН-д элссэнээр хадгалагдаж үлдэх үү?

 

-ХҮН-ын үзэл баримтлал бол баялгийн үндэсний үзэл буюу баялгийг ард иргэдэд ашигтай байдлаар зарцуулах нь туйлын зорилго гэдгийг бичсэн байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрийн нь гол дөрвөн зүйлийнх нь нэг. Энэ зорилгоос үүдэж би ХҮН-д элссэн.

 

-Таныг энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх юм. Энэ асуудал боломжтой юу?

 

-МАН, АН-ынхан “С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчихвэл ард иргэд дэмжих гээд байна” гэдэг бодлоор нойргүй хонож байна. Тэдэнд хандаж хэлэхэд, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ ханд. Үнэний үүр хутганы ир хоёр багаддаггүй юм гэдгийг тэнд хэлсээр байна. Монголын ард иргэд түүнийг шийддэг. Түүнээс МАН, АН шийддэггүй. Хэн нэгэн улстөрч шийдэхгүй. Ард түмэн хэнд итгэл хүлээлгэх вэ гэдгээ өөрсдөө шийддэг юм.

 

Ж.ОТГОН

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж