Бүртгэл, статистикийг нэгтгэснийг буруутгав

2016 оны 1 сарын 7

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүд яг одоо Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол, хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд бүртгэл, статистикийн газрыг нэгтгэж байгааг шүүмжиллээ. Мөн төсөв гайгүй болоод ирэхээр салгах ёстой гэсэн санал гарч байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бусад гишүүдийн хэлж байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Бид Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос бүртгэл статистикийг нэгтгэх нь зөв, буруу гэсэн асуудлыг хэлэлцээгүй. Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Улсын бүртгэл болоод статистикийн газруудыг аль хэдийн нэгтгэсэн. Тиймээс бид зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болчихоод өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцэх ёстой, харин ч цаг алдаж байна. Оны эхнээс хэрэгжээд явах ёстой байсан хуулийг одоо хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Би энэ хуулийг дэмжихгүй. Теорем батлагдсан одоо засахаас өөр аргагүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Гэтэл олон улсад манай статистикийн тогтолцоог дэмжиж байсан. Статистикийг нэгтгэх нь хамгийн том алдаа. Тиймээс буцаад байранд нь тавих хууль санаачлаад явж байна. Статистик өөрөө хараат бус байх ёстой. Гэтэл даргыг нь томилоод өөр байгууллагатай нэгтгэх гэж байна. Даргыг нь Засгийн газар томилсон юм чинь Засгийн газрын хэлсэн ажлыг л хийнэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: -Орж ирсэн хуулийн төслийг шүүмжлэх юм алга. Бид олон үзүүлэлт ярьдаг. Олон улсад манай статистикийн байгууллагыг үнэлдэг. Тиймээс хуучнаар нь байлгах асуудлыг шийдэх ёстой. Статистик мэдээг зөвхөн их хуралд зориулж гаргадаггүй. Тиймээс дахин нэг ярих ёстой.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэллээ. 65,4 хувийн саналаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Т.НОМИН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна