АНУ зэвсгээ Солонгост байршуулах уу?

2016 оны 1 сарын 7

 

Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн нь олон улсыг сандаргаж, сэжиг таамагт автуулаад байна. Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэдэгт АНУ, Өмнөд Солонгос, Япон тэргүүтэй орнууд эргэлзэж байгаа ч хамтдаа хариу арга хэмжээ авахаар ярилцаж эхэлжээ.

 

Тухайлбал, Өмнөд Солонгосын арми АНУ-ын стратегийн зэвсгийг хойгт байршуулахаар Пентагонтой ярилцаж байгаа гэнэ. Өмнө нь Пхеньян 2013 онд цөмийн туршилт хийсний дараа АНУ “B-2” бөмбөгдөгч онгоцнуудаа Өмнөд Солонгос руу илгээн сүрийг үзүүлж байсан юм. Хариуд нь Хойд Солонгос АНУ-д цөмийн бөмбөг хаяна хэмээн сүрдүүлж байв.

 

Хойд Солонгос Хятадын хилийн ойролцоо цөмийн туршилт хийсэн нь холбоотон Бээжинг ч уурлуулсан байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авахаар хуралдаж, Пхеньяний эсрэг хоригийг өргөтгөхөө мэдэгдсэн юм.

 

Хойд Солонгосын дөрөв дэх цөмийн туршилтын улмаас 5.1 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн юм. Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэн боловч олон улс Хойд Солонгосыг өөр зэвсэг туршсан хэмээн таамаглаж байна.

 

Хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайнаас хойш Хойд болон Өмнөд Солонгос энхийн гэрээ байгуулалгүй, дайсагнасан харилцаатай явж ирсэн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна