Сургалтын төлбөр хянах боломжгүйг сайд учирлав

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Сургалтын төлбөр хянах боломжгүйг сайд учирлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд: Боловсролын чанараа сайжруулахын тулд “Цөм” хөтөлбөр, “Авъяас” хөтөлбөр, Кембрижийн сургалт, 12 жилийн тогтолцоо гээд олон зүйл нэвтрүүлж байна. Гэтэл зөв бичдэг хүүхэд ховордлоо. Хүнд зөвхөн мэдлэг чихээд байх биш хүн болгож төлөвшүүлэх нь чухал байна. Нийгмийн ажилтан гэдэг хүн юу хариуцаад байна вэ. Монгол хүний хүмүүжлийн асуудал хуулийн төсөлд туссан уу. Хөрөнгөтэй мөнгөтэй орны иргэд дэлхийд байхгүй үнэтэй сургуулийг зөвхөн Монголд байгуулж байна. Жилийн сургалтын төлбөр нь 20 мянган ам.долларын үнэтэй дунд сургууль бий болсон. Монголын хуульд захирагддаггүй, мөнгийг нь авсны хэрээр мэдлэг өгч чадаж байгаа юм уу, олон улсын сертифкат өгч байна уу. Ийм сургуулийг хэн хянадаг юм бэ гэсэн асуултыг салбарын сайдад тавив.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: -Хүүхдүүд өөрсдөө ангидаа мөрдөх дүрэм зохиодог, түүнийгээ дагадаг болсон байна. Хичээлийг зөвхөн багш заадаг байсныг хүүхэд өөрөө хийж сурах. Энэ рүү чиглүүлэх. Яаж өөрөөр нь хариуг олуулах уу, яаж өөрөөр нь эрэлхийлүүлэх вэ гэдгийг сурагчдаар өөрөөр нь санаачлуулдаг болсон. Монгол хүний онцлог, дэлхийд үүгээрээ цаашдаа ялгарах болов уу. Цаашид сургуулиудыг ангилна. Ашгийн сургууль гэж юу юм бэ, ашгийн бус сургууль гэж юу юм бэ гэдгийг зааж өгнө. Өндөр төлбөртэй сургуульд шаардлагаа өндөр тавиад явах шаардлага байгаа. УИХ-ын гишүүн Су.Батболд: Багш гэдэг нэр хүндтэй мэргэжил. Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Энэ асуудал хуульд суусан уу. Дунд сургууль нь 20 мянган ам.долларын үнэтэй хэрнээ дээд сургууль нь 500 ам.долларын үнэтэй сургууль дэлхийд хаана ч байхгүй. Монголд л байна.

Багшийн сургуульд суралцдаг оюутны тоо өссөн, цаашдаа ажлын байраар яаж хангах вэ гэдэг нь чухал. 8 хувийн ипотек 5 хувь болгоход хөдөөд ажиллаж байгаа багш нарт олгодог байдлаар дэмжих бодлого цаашдаа гарах ёстой. Хуулийн өөрчлөлтийг тулгамдсан асуудлаа шийдэхийн төлөө хийж байгаа. Төлбөрийг хянах боломж бага. Гэхдээ Дээд боловсролын байгууллагын удирдлагыг мэргэжлийн болгоё гэж байгаа хэмээн хариулсан юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж