Энэ хэний засаг вэ?

2016 оны 1 сарын 8

Шийдлийн засаг Ч.Сайханбилэгийнх үү, З.Энхболдынх уу? Хэрэв энэ  засгийн тэргүүн нь Ч.Сайханбилэг мөн бол тэр өөрийн бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Гэвч АН-ын даргын хэвлэлд өгсөн удаа дараагийн ярилцлагаас харахад Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэл алга. Түүний гаргах шийдвэр намын Гүйцэтгэх зөвлөлөөсөө, тэр тусмаа намын дарга З.Энхболдын үзэмжээр шийдэгдэх болсоор удаж байгаа.

Тавантолгой дээр ч, засгаас МАН-ыг хөөх дээр ч Ч.Сайханбилэгийн өөрийнхөө бодлоор шатрын хөлөг дээр тоглолт хийж чадаагүй юм. Харин ч түүнд бодлоо тулгаж, өөрийнхөөрөө асуудлаа шийдэж чадсан АН-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэлтэй өнгөрсөн хугацаанд шатрын хөлөг дээрх ганц ноён байлаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

Өөрөөр хэлбэл, Шийдлийн Засгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн боловч эрх мэдэл нь өөрийнх нь гарт байгаа гэдгийг алхам тутамдаа АН-ын дарга сануулж байна. Түүнийхээр сайхан залууг шатрын хүү болгон түлхэх тун ч таатай байгаа бололтой.

Уг нь Улс төрийн намуудын тухай хуульд зааснаар намын даргынхаа хувиар З.Энхболд засгийн тамгаа авах ёстой байлаа. Гэвч, тэр өөрөө хүсээгүй. Гэхдээ түүнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоёр том эрх мэдэл нэг  дор төвлөрчээ.  Өөрөөр хэлбэл спикерийн эрх мэдэл дээрээ намын даргаар халхавчилсан засгийн эрх мэдлийг гартаа атгасан мэт тэрбээр аашилах болсноос харахад Шийдлийн засаг хэнийх вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Учир  нь, Тавантолгой дээр ч, засгаас МАН-ыг хөөх дээр ч Ч.Сайханбилэг өөрийнхөө бодлоор шатрын хөлөг дээр тоглолт хийж чадаагүй юм. Харин ч түүнд бодлоо тулгаж, өөрийнхөөрөө асуудлаа шийдэж чадсан АН-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэлтэй өнгөрсөн хугацаанд шатрын хөлөг дээрх ганц ноён байлаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг эс тооцвол Шийдлийн Засгийн газрын тэргүүний бодлого болгоныг нам нь үргэлж бойкотолсоор ирсэн юм.

Өнгөрсөн Лхагва гаригт ипотекийн зээлийг найман хувиас таван хувь болгон бууруулах шийдвэрийн талаар УИХ-ын дарга танилцуулав. Уг нь энэ бол спикерийн биш Ерөнхий сайд тэр тусмаа Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн хийх ажил байлаа. Гэвч, сонгуулийн жилийн эхлэл дээр ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгон бууруулах сайхан мэдээг УИХ дарга өөрийн биеэр хүргэх нь зөв гэж үзжээ. Үнэндээ сонгуулийн уур амьсгал хэдийн орсон нөхцөлд иргэддээ энэ мэдээг амаараа дуулгахыг хүссэн АН-ын даргын зөв л дөө. Хэрэв тэр өөрөө Ерөнхий сайд байсан бол шүү дээ.

Энэ мэдээгээ Ерөнхий сайдтайгаа, гүйцэтгэх засаглалтай хамт суугаад танилцуулсан бол АН эвтэй харагдах байлаа. Тоон доторх үсэг гэгчээр тэнд “Шонхор” фракцийн С.Одонтуяа юугаа ч хийж яваа юм билээ. Ядаж л тэр Эдийн засгийн байнгын хорооны дарга биш шүү дээ.

2016 он бол сонгуулийн жил. Тиймээс Ерөнхий сайдын хувиар Ч.Сайханбилэг өдийд язганатал ажиллах ёстой байв. Гэвч түүнд Ерөнхий сайдын эрх мэдлийг АН-ын  олгохгүй хэвээр байна. Гэтэл спикерийн тоглолтоос биш Засгийн газрын үйл ажиллагаанаас ирэх сонгуульд АН ялах эсэх нь уг нь хамаарах юм.

Танхимынх нь гишүүн авлигын хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Шийдлийн засаг Эрүүл мэнд спортын сайдаа томилж чадалгүй шинэ онтой золгов. Шинэ оны өмнөхөн сайд Г.Шийлэгдамба суллагдсанаар Эрүүл мэндийн сайдын эзгүй суудлын төлөөх элдвийн таамаглал гадуур өрнөж байна. Н.Энхбаярыг улс төрд, Шийдлийн засагт Шадар сайдаар орж ирэх саналыг Ч.Сайханбилэг санаачлаагүй байх. Магадгүй намын даргынхаа хүсэлтийг Ерөнхий сайдын хувиар Н.Энхбаярт танилцуулах шаардлага гарсан биз. Гэвч, өнөөдөр МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар тавих саналаа хүргүүлсэн, Ц.Оюунбаатар Шадараас татгалзсан, Г.Шийлэгдамбыг УИХ  чөлөөлөөгүй гээд ёстой өөх ч биш булчирхай ч биш асуудал үүссэний хариуцлагыг араас нь даалгавар өгөөд суугаа АН-ын дарга биш гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буйн хувьд Ч.Сайханбилэг хүлээх ёстой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ч.Сайханбилэг нь  Ерөнхий сайд ч юм шиг эсвэл З.Энхболд гүйцэтгэх засаглалын тэргүүн ч юм шиг, Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай ч юм шиг явж ирсэн. Тиймээс Ч.Сайханбилэгийн шаардаж байсанчлан намын дарга нь гүйцэтгэх засаглалынхаа тамгыг, эсвэл гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнд намынхаа тамгыг өгвөл яасан юм бэ. 

Үнэндээ өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэг жүжгийн ханхүү шиг, харин АН-ын дарга улс төрийн хаан шиг үг, үйлдэл гаргасаар ирсэн шүү дээ. Чухамдаа АН хэрэвзээ ирэх зуны сонгуульд ялъя гэвэл Ерөнхий сайддаа бүрэн эрх мэдлийг  нь өг.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна