Сонгуулийн хууль гацаанд орлоо

2016 оны 1 сарын 8

Бие даагчид, жижиг намуудыг "жийсэн" сонгуулийн тухай хуулийг баталсан ч гацаанд орлоо

Удахгүй болох УИХ-ын сонгуулиар нам эвслүүдийг сонгуульд эвсэж, хамтрахыг хориглчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, намууд дангаараа сонгуульд өрсөлдөж өөрийгөө хэн бэ гэдгээ таниулахаар боллоо гэсэн үг. Түүнчлэн зарим жижиг намын төлөөлөл болон МАН-ын зүгээс парламентад олон суудалтай АН-ынхан хүч түрж, энэ хуулийг баталсан хэмээн хэлж байсан. Тухайлбал, өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН, МҮАН хамтарч сонгуульд орсны үр дүнд УИХ-д суудал авч бүлэг байгуулж чадсан юм. Тиймдээ ч тэд шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газарт хангалттай албан тушаал авч, эрх мэдлийг ч өөрсдийн хүссэнээрээ гартаа оруулж чадсан билээ. Тэгвэл энэ байдлыг болиулахын тулд саяхан баталсан сонгуулийн тухай хууль сонгуульд хамтарч орохыг хориглосон юм. Энэ бүх үйл явдлын эцсийн үр дүн нь хамтарч эвсэж орж буй нам бус бие даагчдад ихээхэн хор уршигтай болж буй юм.Тиймээс л Дархан-Уул аймгаас бие дааж нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар зам мөрөө хөөж “ХҮН”-д элсчихээд байгаа билээ. Тэрбээр тус намд элссэн шалтгаанаа ийнхүү тайлбарласан юм. “Энэ намд элссэн шалтгаан бол монголчууд дахиад 25 жил энэ байдлаар тэсэхгүй. Бид байгалийн баялгийг ард түмэндээ ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад ашиглах ёстой.

Гэтэл энэ Засгийн газар уул уурхайн компаниудын хувийн Засгийн газар шиг болчихсон байна. Түүгээр ч зогсохгүй УИХ худалдагдсан юм шиг аяглаж байна. Тиймээс энэ бүгдийг засаж залруулах, нийгмийг шударга болгох зорилготой байгаа юм. Өнөөдөр 1.2 сая хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна гэдэг бол нийгэм шударга бус байна гэсэн үг. Мөн тусгаар тогтнолоо илүү бат болгох шаардлагатай болчихсон байна. Дээрх зорилгыг” ХҮН “ дэвшүүлж тавьсан учир би гишүүнээр элссэн” хэмээсэн юм. Тэгэхээр түүний далд санаа нь өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвшиж, ялалт байгуулж байсан бол энэ зун болох УИХ-ын сонгуулиар дахин сонгогдохын тулд аль нэг намын нэрийн өмнөөс дэвшихгүй бол баларна гэдгээ тооцоолж, ийнхүү “ХҮН”-ыг сонголоо гэж ард иргэд төдийгүй улстөрчид үзэж буй юм. Тэгвэл эрх мэдэл албан тушаалын төлөө хаяагаа хадрах болсон МАХН, МҮАН-ынхан ч энэ сонгуульд хамтарч орохгүй тус тусдаа орно гэдгээ дарга нар нь хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэхдээ мэдэгдчихсэн. Бодит байдал дээр тус хоёр нам паралментэд эвсэж ороод тийм эв түнжинтэй байгаагүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тэдний сандал ширээний асуудлаас болж засагт нэлээд олон асуудал үүсч гацаж байсан тохиолдол ч бий. Өмнө нь санал авах өдрөөс хоёр сарын өмнө нам, эвсэл байгуулж сонгуульд орохыг зөвшөөрдөг байсан. Энэ бүх зүйлийг халахын тулд саяхан баталсан хуулиар эвсэж сонгуульд оролцохыг хориглосон билээ. Хэдийгээр энэ хууль нь бие даагчид болон зарим нэгэн нам байгуулахаар зэхэж буй нөхдүүдэд халтай ч нөгөө утгаараа нам байгуулах хоббийтой нөхдүүдийг таслан зогсоож байгаа нь зөв үйлдэл юм. Юутай ч энэ сонгуулиар хөдөө орон нутгаас УИХ-д бие дааж нэр дэвшихээр зэхэж буй маш олон горилогч байгаа. Тэд одоогийн УИХ-д сууж буй бие даагчидтай хамтран сонгогдох эрхийг нь хязгаарласан хэд, хэдэн хуулийн заалтыг эсэргүүцэж, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар боллоо.

Тэдний үзэж буйгаар Монгол Улсын сонгуулийн хуулийн 12.4-т “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн УИХ-ын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ...шууд сонгох эрхийн үндсэн дээр...сонгоно” гэснийг зөрчиж байгаа гэж тайлбарлаж байна.

Мөн Монгол Улсын Сонгуулийн хуулийн 12.1-д “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэнэ. Учир нь сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдсан намын сонгуульд орох эрхийг боомилж байна. Үндсэн хуульд тусгасан “Тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тэд үзэж буй учраас Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Уг нь УИХ хуулийнхаа хугацаанд амжиж Сонгуулийн тухай хуулийг баталсан ч энэ нь сонгууль хүртэл даамжирах нөхцлийг үүсгэчихлээ. Өөрөөр хэлбэл, жижиг намууд болон бие даагчдыг “жийсэн” Сонгуулийн тухай хуулийг баталсан ч гацаанд орчихлоо.

Р.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна