“Асар том мэдээллийн дайн өрнөж байна”

2016 оны 1 сарын 8

Шинэ оны өмнө “Тэнгэрийн хотын од”, “Хуульчлагдсан тонуул” номын нээлтээ хийсэн сэтгүүлч Д.Отгонжаргалтай номынх талаар ярилцлаа. Түүний “Хуульчлагдсан тонуул” номд “Ардчилсан нийгэм үү, ардчилсан дарангуйлал уу”, “Сониныг шоовдорлосон сонгуулийн сурталчилгаа эхэллээ”, “Бондын мөнгө хаачив”, “Төслийг тушсан төмөр чөдөр” цуврал нийтлэл, “Төмөр замын талаарх манай саналыг оросууд хүлээж авсангүй” зэрэг 30 нийтлэл багтжээ. Энэ нийтлэлд Оросын төмөр замын нийгэмлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн захидал бий. Энэхүү захидлаас болж УИХ дахь АН-ын бүлэг “Өнөөдөр” сониныг цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулах шийдвэр гаргаж байсан юм.

-Танай сонины нийтлэлээс бүтсэн ном олны сонирхлыг нэлээн татаж байна. Номын нэр “Хуульчлагдсан тонуул”. Их өвөрмөц бас хүнд нэр. Яагаад ийм нэр оноосон юм бэ?

-Номд орсон 30 нийтлэл 2012-2014 онд “Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн бүтээлийн түүвэр. Шинэ төмөр замын төсөл, занар, бондын мөнгөний талаар мөн төрийн албаны дархалаа суларсан зэрэг хэд хэдэн сэдэв багтсан. Номоо нэрлэсэн нийтлэлийг 2014 оны хавар бичсэн. Засгийн газраас санаачилж, УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай. Энэ хууль үндэсний эрх ашиг, үргэж байгаа хөрөнгө оруулагч хоёрын ашиг сонирхолыг тэнцүүлэх ёстой болохоос баялагаа хуульчлан тонох баримт болох ёсгүй гэсэн утгатай. Номд багтаах нийтлэлээ сонгож байхдаа энэ нэрийг өгье гэж бодсон. Өнөөдөр хүмүүс бондын мөнгө хаачив гэж гэцгээж байна. Аль нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хууль төрүүлэх замаар хэн нэгэн хүн, эсвэл бүлэг этгээд төрийн өмчийг завших, албан тушаалаа он жилээр бөхлөх үзэгдэл газар авсан. Төрийн өмч завшсан, тэрбум тэрбумын хохиролтой ил цагаандаа гарсан луйварууд ч илэрч байна. Улс орныг хуульчлан тонох үзэгдэл нийтлэг болсон учраас цаг үедээ тохирсон нэр юм болов уу гэж бодоод ийм сонголт хийсэн.

-Сэтгүүлчид ярилцлага, сурвалжлага, нийтлэлээрээ ном гаргадаг. Тэр нь хүнд хүрэх нь цөөн. Гэтэл тэнд маш их баримт, судалгааны материал явж байдаг. Тэр их баримтыг яавал зүгээр санагддаг вэ?

-Манайхан хүний юмыг рекламдаж тус болохдоо сайн ч өөрсдийнхөө бүтээлийг зүгээр л мартчихдаг. Сонин хэвлэл бол тухайн нийгмийн нүүр царайг тэр чигээр нь буулгасан цаг хугацааны түүх. Сэтгүүлчид ямар ч үйл явдлыг, сайн нийтлэл сурвалжлагыг тухайн цаг үедээ бичиж магтуулж, зэмлүүлж аваад, ахиад л үйл явдлаас үйл явдал, сэдвээс сэдвийн хооронд гүйсээр өмнө нь хийж байсан үнэ цэнэтэй баримтуудаа орхичихдог юм байна. Гэтэл тэнд нийгэм, улстөрийн баримт мэдээлэл, цаг үеийн төлөөлөгчдийн үзэл бодол, байр суурь гээд чухал гол баримтууд үлдчихсэн байдаг. Би бол 1980-аад оны сүүлээс хойш, үе үеийн мундаг сэтгүүлчдийн нийтлэл, ярилцлагууд ном болж хэвлэгдээсэй гэж боддог, хүлээдэг. Сэтгүүлчдийн баримтат нийтлэл, ярилцлагаас бүтсэн номнууд өрөөтэй байвал гоё. Дандаа хэрэг болохгүй ч гэсэн бид цаг үеийн өөрчлөлт, баримт, улс төрчдийн байр суурь, үзэл бодлын зөрүү, улс орны эрх ашгийн тухай нарийн мэдээллийг алган дээрээ тавиад сууж байна аа л гэсэн үг.

-Тоосонд даруулаад хэвтэж байгаа баримтуудыг уншигчдын хүртээл болгох нь зөв байх л даа?

-Өнөөдөр номын санд суугаад, хуучин сонин сөхөх завтай хүн байхгүй болсон. Тийм учраас ард иргэдийн амьдралд хамааралтай шийдвэр гаргадаг улстөрчид дураараа ярьдаг болсон. Өнгөрснийг бараг сануулахгүй болохоор энэ нь тэдэнд худал хэлж хүмүүсийн тархийг угаах, шоу хийх том боломж олгоод байна. Энэ цаг үед зарчим, үнэ цэнэ, үнэн гэж бараг байхгүйтэй адил болчихож. Ийм үед цаг хугацааны толь, архив болж үлдсэн сэтгүүлчдийн бүтээл хамгийн найдвартай баримт болно байх. Зургаан жилийн өмнө юу ярьж байсан хүн өнөөдөр юу яриад байна. Таван жилийн өмнө ямар байсан хуулийг өнөөдөр ямар шалтгаанаар өөрчлөөд байгаа юм. Арван жилийн өмнө ямар эрх ашгаар нэгдэж байсан хүмүүс өнөөдөр яагаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг зөрүү хараад сууцгаачихаа вэ. Тэдний эвдрэлцэх шалтгаан нь хувийн ашиг сонирхол уу, үндэсний эрх ашиг уу. Ийм асуултын хариуг тэр ном өгнө. Ой санамжинд байгаа тойм төдий мэдээллээ ашиглах, өмнөх цаг үеийн баримтаа сөхөн харж харьцуулалт хийх хоёр ялгаатай. Манайд онлайн хэвлэл хурдан хөгжиж байгаа ч энэ нь тийм найдвартай эх сурвалж биш. Хүсвэл ямар ч этгээд, ямар ч мэдээллийг онлайн орон зайнаас устгаад хаячихаж байна. Тийм болохоор олон олон сэтгүүлч сайн бүтээлээ түүвэрлэж, ном болгож хэвлээсэй гэж боддог. Би өнгөрсөн оны эхээр баримт хайж Зэвсэгт хүчний архивт хоёр сар суусан. Архивын ажилтан эхлээд надад “Шаардлагатай баримтаа олохын тулд эхлээд Улаан-Од сониныг үз” гэж зөвлөсөн. Энэ сонины 1947 оноос хойшхи дугаарыг он алгасахгүй эргүүлэх юм боллоо доо. “Эхлээд тэндээс одоо юу олж үздэг юм бол доо” гэж бодсон ч дараа нь бүр ч илүү баримт олно гэж бодоод суусан. Сонин шүүж байхдаа хамгийн жаргалтай ажил хийж байгаа мэдэрсэн. Монголын сонин хэвлэлийн, нийгмийн хөгжлийн түүх цаг хугацаа, эзэн холбогдогчидтойгоо тэнд байна. Дэлхийн улс төр, өнөөдөр илүү хурцадмал болсон Ойрхи дорнодын түүх гэхэд 1950-иад оноос халуун сэдэв болтлоо өргөжсөн баримт. Дайны өмнөх үеийн Хятадын төмөр зам дайны дараагийн жилүүдэд ямар хурдацтай хөгжиж байгаа тухай мэдээлэл, сансар судлалын гайхамшиг гэх мэт. Хайж байгаа үндсэн сэдвийн завсараар тэр болгон анхаарал татаад байсан. Тэгэхэд л бид ер нь өнгөрснөө эргэж хардаггүй юм байна гэж бодогдсон.    

-Номыг чинь уншихад сонин дэлгээд уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байсан. Дизайн шийдэл нь хэний санаа вэ?

-Сонины нийтлэлээс бүтсэн учраас номон дотор сонин өөрөө оршиж байх нь зөв. Нийтлэлүүдээ тус бүрийг нь тухайн нийтлэл гарсан сонины дугаараар зурагжуулна гэж анхнаасаа бодож байсан. Нэг талаар баримт, нөгөө талаар энэ бол сонины нийтлэлээс бүтсэн ном гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх ёстой гэж бодож ийм шийдэлтэй хийсэн. Номоо зурагжуулаад эхэлсэн чинь нэг л олон дэлгэсэн сонин, хэтэрхий модон зургууд харагдаад байсан. Тэгээд фото дизайнертайгаа ярьж байгаад нэлээн ажилласан. Амьдруулсан гэх үү дээ. Хийвэл хийсэн шиг хийе гэж бодол маань цаасан дээр тэгж буусан. Харин хавтасны дизайныг хийсэн залууг би онлайн ертөнцөөс олсон. Хүнээс хаягийг нь авч, чатаар мэнд мэдэж, танилцаад мессенжерээр ярилцаж байгаад хийсэн. Санааг маань үнэхээр гоё гаргаж ирсэн.  

-“Хуульчлагдсан тонуул” номыг нийгмийн нэг цаг хугацааны түүх гэж үзвэл яг өнөөдрийн нийгэм их бүрхэг өнгөтэй төсөөлөгдөж байгаа. Өөрөө үүнтэй санал нэгдэх үү эсвэл өөр бодолтой явдаг уу?

-Манай нийгэмд асар том мэдээллийн дайн өрнөж байна гээд хэлчихвэл буруудахгүй байх. Шийдвэр гаргах эрхтэй, шийдвэр гаргах түвшинд ажилладаг дурын хүн хувийнхаа ашиг сонирхолд нийцсэн мэдээллээ ярилцлага хэлбэрээр өгөх ч юм уу, санаагаа твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр цацаж, хүмүүсийн дунд талцал үүсгэж байгаад асуудлаа өөрсдөдөө ашигтай шийддэг болчихсон байна. Хүмүүс их мартамхай. Үүнийг нь дарга, сайд нар мэддэг учраас өрөөндөө сууж байгаад зарим гараагүй шийдвэр, болоогүй үйл явдлыг бас хувийн чанартай хов живээ ч цацчихдаг болсон. Тэдний дэгдээсэн дайныг хөгжөөх бүхэл бүтэн баг олон нийтийн сүлжээнд ажиллаж байгаа нь ч нууц биш болсон. Онлайн ертөнц бол бараг тэр чигээрээ улстөрөөр амьсгалдаг. Тэнд манай аль хэдийнэ өвөө болж, насны намба суусан байх учиртай улстөрчдийн этгээд ааш авир, хов жив нисэлдэж байдаг. Залуучууддаа үлгэр дууриал болох ёстой, ухаан бодол нь жигдэрсэн насан дээрээ яваа хүмүүс заримдаа айл гэрийн эзэгтэй нарын ч хөнддөггүй сэдвээр хов жив хөөцөлдөж, хэрүүл хийж, охид хүүхнүүд шиг бие биедээ гомдож тунисанаа илэрхийлээд байхаар дүү, залуу хүмүүс дууриахгүй яахав. Энэ мэдээллийн дайныг санаачилагчид нь зориуд дэгдээж, хүмүүсийн сэтгэл зүйг улам тогтворгүй болгоод байдаг юм шиг. Ийм үед сонин, хэвлэлд ажилладаг бид байлдагчийн үүрэг гүйцэтгэж болохгүй байх. Бас байлдагч биш гэдгээ харуулж, цаг үеийн баримтат нийтлэл, ярилцлагаа эмхэтгэж, дахин ашиглаж хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд харуулж эхэлмээр санагддаг.    

-Зохиолчид онгод гэж ярих дуртай. Сэтгүүлчид барагтай бол тэгж ярьдаггүй. Онгод гэж сэтгүүлчдийнхээр яг юу юм бол?

-Хэлж мэдэхгүй байна (инээв). Би бол хийе, хийхдээ хийсэн шиг хийе гэсэн сэтгэл байвал эрэл хайгуулаа хийж, баримтаа цуглуулаад гайгүй бүтээл хийж болно гэж боддог.

-Энэ таны хоёр дахь ном. Анхны ном тань Монгол Улсын баатар, гавьяат нисгэгчдийн хөрөг нийтлэлээс бүтсэн “Тэнгэрийн хотын од”. Нэг нь хөрөг, нөгөө нь баримт тайлбар. Эсрэг тэсрэг, хоёр өөр сэтгүүл зүйн бүтээл. “Тэнгэрийн хотын од” номыг хэзээ хийж эхэлсэн бэ?

-ИНЕГ-т хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхад манай дарга нар нисэхийн баяр дөхөхөөр салбараас төрж гарсан алдартнуудын тухай хөрөг нийтлэл бич, гэхдээ өөрөө бич гэсэн үүрэг өгдөг байсан. Эхний хоёр нийтлэлийг 2007 онд бичсэн. Хөрөг нийтлэл уншиж үзсэн л болохоос бичиж үзээгүй надад энэ бол ахадсан даалгавар. Гэсэн ч “би чадахгүй” гэж хэлэх эрх байхгүй шүү дээ. Тэгээд гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж, БОИНГ-737 онгоцны дарга Т.Бэхбат ах хоёроос яриа авч, бас бус баримт цуглуулаад хагас сар юу хийж, яаж бичихээ мэдэхгүй суусан. Тэгээд нэг юм бичээд найз Д.Мөнгөндалай дээрээ авчирч, редактор хийлгэж гаргаж байлаа. Тэнд зургаан жил ажиллаад буцахдаа 7-8 нийтлэлтэй болсон. Гавьяат нисгэгч С.Жанар гуай надад “Чи энэ тогоонд ирж ажилласан хүний хувьд миний багш нар, энэ салбарын түүхийг бичилцсэн хүмүүсийн тухай нэг юм бичиж үлдээнэ шүү” гэдэг байсан. Өнгөрсөн онд С.Жанар гуай намайг нэлээн шавдуулсан. Тэгээд үргэлжлүүлсэн дээ. Үнэ цэнэтэй материал олох, ар гэр нь олдох боломжгүй болсон ганц нэгэн хүмүүсийн тухай баримт эрж хайх гээд нарийн ажил дээр С.Жанар гуай болон манай бусад гавьяатууд, үр хүүхдүүд нь маш их тусалсан. Ингэж бүтсэн ном, бидний хамтын бүтээл. Гавьяат нисгэгчдийн маань ажил амьдралын дурсамж, туршлага, тэднийг хувь хүн талаас харуулсан анхны ном. Энгийн хэрнээ сонирхолтой бүтээл болсон гэж салбарынхан хэлсэн. Одоо бас нэг захиас бий. Нэр нь тодроогүй баатруудын тухай нэхэн сурвалжилж өг гэж гавьяат нисгэгчид маань захисан. Зав зай гарахаар хийнэ гэж бодож байгаа.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна