Телевизүүдийг дээрэмдэж эхлэв үү?

2016 оны 1 сарын 8

МҮОНТ-ээр нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар суваг буюу мэдээллээр дагнасан “Монголын мэдээ” телевиз агаарын суваг болон “Юнивишн”, “Скаймедиа”, “ДиДиЭш”, “Сансар” кабелийн IPTV-ээр 11 дүгээр сувгаар гарч эхлэх болсон талаар сурталчилгаа явах болсон билээ. Харин үүнийг эсэргүүцэж Монголын телевизүүдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна.

Харин дээрх IPTV-ийн 11 дүгээр суваг дээр “C1”, “Скаймедиа”-гийн 11 дүгээр сувагт “Тв5”, “Сансар”-ын 11 дүгээр суваг дээр “11”-р суваг, “ДиДиЭш”-ийн 11 дүгээр суваг дээр “Монгол ТВ”, “Юнивишн”-ийн 11 дүгээр сувагт “VTV” цацагддаг байна. Гэтэл эдгээр арилжааны телевизүүдэд ямар нэг албан ёсны мэдэгдэл огт ирүүлээгүй бөгөөд энэ талаарх бүгд огт мэдэхгүй байхад МҮОНТВ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Оюундарь ийм мэдэгдэл хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдсан хувийн хэвшлийн эрх, бизнесийн эрх ашиг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллагын давуу эрхээ зүй бусаар хэтрүүлэн ашигласан ёс зүйгүй үйлдэл гэж МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО үзжээ. Тиймээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа телевизийн салбарт огт гарч байгаагүй ёс зүйгүй үйлдэл, хууль бус сурталчилгаагаа албан ёсны баталгаатай мэтээр олон нийтэд зарлаж үзэгчидийг төөрөгдүүлэхгүй байхыг хүссэн байна.

Өмнө нь 2008 оны олимпийн аваргын үеэр Н.Түвшинбаярыг алтан медаль авахад үүрэн холбооны оператор хэрэглэгчийнхээ барьж байсан дугаарыг огт мэдэгдэлгүйгээр хүчээр салган бэлэглэсэн хэрэг гарч байсан. Тиймээс энэ мэт явдлыг дахин давтахгүй байх нь чухал гэж тухайн телевизүүд үзэж буй аж.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна