Эерэг сөрөг хоёр хүлээлт

2016 оны 1 сарын 8

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан сургаар буюу өнгөрсөн тавдугаар сард 1880 төгрөг болж “гялайлгасан” долларын ханш ер нь 2000-аас бараг доошилсонгүй. Хоёр жилийн өмнө доллар 1700 боллоо хэмээн бачимдаж, зарим нэг нь Төрийн ордон руу “салаавч” гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байсан монголчууд өдгөө долларын ханш 2002 төгрөгт хүрчихээд байхад таг чимээгүй байгааг харвал, хувь заяатайгаа бараг эвлэрчээ гэмээр.

Гэхдээ энэ оны эдийн засагт эерэг, сөрөг хоёр хүлээлт байна.

Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт үзэглэсэн далд уурхайн санхүүжилтийн гэрээний сургаар ам.долларын ханш бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлт байсан юм. Гэвч, өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 2000-2002 төгрөг байна. Харин эдийн засагчдын зөвлөж буйгаар  энэ оны хоёрдугаар улирлаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлбэл долларын ханш буурна гэсэн найдлага тавьж байгаагаа дуулгав. 

Эдийн засагчдын зүгээс энэ оны эхний хагас жилд эдийн засгийн хямрал үргэлжилсээр байхыг сануулж буй. Харин оны эцсээр Монголын эдийн засаг сэргэнэ гэсэн таамаглал байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, нөгөө талдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар сүүдрийн эдийн засаг дахь их хөрөнгийг ил болгож чадвал энэ оны сүүлээр татварын бааз өсч, гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн эерэг хүлээлт үүсээд байгаа юм. Санхүүжилтийн гэрээний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 4.4 тэрбум ам.долларыг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авахаар болсон. Төслийг хэрэгжүүлснээр бид роялти татвараа авахын зэрэгцээ Оюутолгой компани Монголын Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу 7-8 төрлийн татвар төлөх болно. Мөн жилд 1.1-1.3 тэрбум долларын  шууд хөрөнгө оруулалт манай улсад орж ирэхээр байгаа. Гүний уурхайн ажил эхэлснээр 3000 хүн ажлын байртай болох юм.

Нөгөө талдаа Монгол Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнэ энэ онд ч өсөхгүй сөрөг мэдээ байна. Энэ жил уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр суулгасан. Төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний үнийн уналт ойрын таван жил лав сэргэхгүй гэсэн дүгнэлтийг  эдийн засагчид дэвшүүлээд байгаа. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсний импортыг тэглэсэн нь Монголын нүүрсийг зах зээлээс шахах нэг хэлбэр бөгөөд үүний дагаад нүүрсний орлого, үнэ ч улам буурна гэсэн сөрөг хүлээлт байна. Монгол Улс өнгөрсөн жилд 11 орчим сая тонн нүүрс олборлосон гэх мэдээлэл байна. Улсын хэмжээнд нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн онд 25 орчим хувиар буурчээ Улсын төсөв зэсийн үнийг 5137 ам.доллараар суулгасан боловч дэлхийн зах зээл дэх үнийн уналт үргэлжилж, өчигдрийн байдлаар 4645 орчим доллар байна.

Эл ашигт малтмалын үнэ  унасаар 2016 оны эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.доллар байна гэж дэлхийн эдийн засгийн шинжээчид буюу “Goldman Sachs” мэдээлжээ. Харин алтны үнэ өснө гэсэн өөдрөг хүлээлт дэлхийн зах зээлд байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар алт олборлогчид 13.9 тонн алт  төв  банкинд тушаажээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох, санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн төлбөрийн 50 хүртэл хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарч, Монголбанк, Сангийн яам, Уул уурхайн яам хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагааг Уул уурхайн сайд Р. Жигжид дуулгаж байсан. Энэхүү зээлийг олгож эхэлснээр энэ онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрнэ гэсэн тооцоо байна. Үүний дагаад төв банкны валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжих боломж бүрдэх юм.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна