Ким Чен Унд барьсан Сөүлийн бэлэг

2016 оны 1 сарын 8

 

Өмнөдийн талаас өнөөдөр /I.8/ Хойд Солонгосын хилийн ойролцоо чанга яригч байрлуулан “суртал” нэвтрүүлэг цацаж эхэлжээ. Энэ нь Пхеньяний удирдагч Ким Чен Уны төрсөн өдөртэй давхцаж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр /I.8/ 33 нас хүрч байгаа юм.

 

Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын хил дээр чанга яригчаар Өмнөдийн охидын хамтлагийн дуу, соёлын нэвтрүүлэг цацсан нь Пхеньяний эрх баригчдыг ихэд хилэгнүүлсэн юм. Улмаар Хойд Солонгосын талаас их буугаар гал нээснээр харилцан буудалцсан билээ.

 

Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэн нь Солонгосын хойгийн энх тайвныг дахин эвдэж байна. Өмнөд Солонгосын талаас Пхеньянтай хамтарсан Кесон аж үйлдвэрийн цогцолборт иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьжээ.

 

Хэдийгээр Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэдэгт эргэлзэж байгаа ч АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд хамтран хариу арга хэмжээ авахаар ярилцжээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болсон байна.

 

Хойд Солонгосын дөрөв дэх удаагийн цөмийн туршилт өмнөх 2013 оныхоос илүү хүчтэй хэмээн таамаглаж байна. Учир нь Хятадын хилийн ойролцоо Хойд Солонгос цөмийн туршилт хийснээс 5.1 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм. Хөрш орнуудын зүгээс Хойд Солонгосын цөмийн туршилт болсон газрын ойролцоогоос радио идэвхт бодисын дээж авч Пхеньян үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан эсэхийг тодруулах гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна