Нүүрсний эринд төгсгөл иржээ

2016 оны 1 сарын 8

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Парист болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал эрчим хүчний хаан гэгддэг нүүрсийг “булшилсан” гэхэд болно.

Уур амьсгал өөрчлөгдөж, дэлхий дулаарч буй хамгийн гол буруутан нь хүн, хүний хэрэглэдэг нүүрс гэдэг дүгнэлтэд хүрсэн тул нүүрсний аварга Пибоди болон бусад аваргууд АНУ-ын хямд бас мэдээж цэвэр түлш гэгдэж буй занарын хий рүү хошуурцгааж байна. Олон улсад нүүрсний хэрэглээг багасгах, орлуулах тухай яригдаж байгаа бөгөөд нарны зай хураагуур, салхин сэнс зэрэг эрчим хүчний салбар дахь технологийн дэвшил нүүрсний хаанчлалд цэг тавих нь тодорхой болоод байна.

Хятад нүүрсний уурхайд хориг тавив

Агаарын бохирдол хамгийн ихтэй орнуудыг тэргүүлж буй Хятад агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд гурван жилийн хугацаанд шинээр нүүрсний хайгуул хийхийг хориглосон байна. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр тус улс 2016 онд 1000 уурхайг хаах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Учир нь тус улсын Засгийн газар 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бүрэн арилгах амбицтай зорилт тавьсан.

Блүүмбергийн мэдээлснээр Хятад улс ирэх онд эрчим хүчнийхээ хэрэглээний 21 хувийг салхи (20 ГВт) болон нарны эрчим хүчнээс (15ГВт)гаргаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Хятад улс 480ГВт-ын цэвэр эрчим хүчний төхөөрөмжтэй юм. Эрчим хүчний шинэчлэлийн зардал нь эрчим хүчний төсвийг 27 хувь нэмэгдүүлэхэд хүргэж байгаа билээ.

BP байгалийн хий рүү дайран оров

“Миний бодлоор уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох арга бол байгалийн хий ашиглах. Бүх түлшнүүд дотроос нүүрстөрөгчийг хамгийн бага ялгаруулдаг. Бас сэргээгдэх эрчим хүч гэдэг нь хамгийн чухал.” гэж Их Британийн нефть, байгалийн хийн аварга компани BP (Бритиш Петролюм)-ын ерөнхийлөгч Боб Дадли “BBC Radio 4”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлж буйгаар ирэх арван жилийн хугацаанд BP-ын бизнесийн 60 %  нь байгалийн хийн салбарт төвлөрөх гэнэ.

BP (Бритиш Петролюм)-ын ерөнхийлөгч Боб Дадли Парист болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурлыг “олон талаараа маш амбицтай” хурал болсон гэсэн ч чулуун нүүрсний хэрэглээг бууруулах санаачилгыг дэмжигчдийн нэг байсан юм. Тэрбээр мөн шатдаггүй л бол ямар ч эрчим хүчний төсөлд BP хөрөнгө оруулахад бэлэн гэдгийг дуулгасан.

Харин АНУ-д энэ үеэр …

Томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон Твиттерээр уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлаарх маргаан тасраагүй.

Газрын тосны үнэ өсөх үү, буурах уу?

Нэг баррель газрын тосны үнэ 37 ам.доллар хавьцаа эргэлдэж байна. Хэрэглэгчдийн хувьд бол сайн мэдээ. Харин нефтийн компанийн толгой дээгүүр эздийн хувьд таатай мэдээ биш.  Газрын тосны хамгийн том экспортлогчдын нэг Саудын Араб зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл нь халгиж цалгиад байгаа хар алтны нийлүүлэлтээ бууруулах бодолгүй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн илүүдэл ойрын хугацаанд арилахгүй гэсэн үг.

Олон улсын эрчим хүчний агентлагийн дарга Фати Бирол:

“2016 онд хар алтны үнэд дарамт үүсэх олон шалтгаан олж харахгүй байна. Эрэлт бага, дээр нь Иран газрын тосоо дахин экспортолж эхэлж магадгүй. Тиймээс хар алтны экспорт улам нэмэгдэнэ. Тиймээс 2016 онд бид энэ жилийнх шиг хямд шатахуун хэрэглэнэ. Энэ нь газрын тосны салбар дахь хөрөнгө оруулалтад ч нөлөөлнө.”

Ройтерс агентлагийн тоймч, шинжээч Эндрю Кричлоу:

“Газрын тосны үнэд гарах дараагийн том алхам бол өсөлт. Одоогийн байдлаар ОПЕК-ийн орнууд зах зээлийг хямд газрын тосоор бөмбөгдөж байгаа. Энэ өрсөлдөөнд бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр удаан хугацаанд зарж чадсан нь хожно. Тэгээд аль нэг нь ялах үед үнэ эргээд өснө.” Гэжээ. Түүний таамаглаж буйгаар энэ жил нэг баррель газрын тос 80 ам.доллар болтлоо өсөх бөгөөд АНУ-ын занарын үйлдвэрлэл, Хойд тэнгисийн газрын тос хямд үнэд цохигдох эрсдэлтэй тулгарах ажээ.

“Quartz”-ийн эдийн засгийн тоймч Стив Левин:

“Хэрэв Саудын Арабын зүүн мужид үймээн самуун дэгдвэл геополитикийн нөхцөл байдал газрын тосны үнийг өсгөж магадгүй. Учир нь Саудын Арабын зүүн муж бол бүс нутгийнхаа газрын тосны хамгийн баян нөөцтэй газар төдийгүй Шиитүүдийн өлгий нутаг. Тэгвэл хар алтны үнэ өсөхийг андахгүй худалдаачид энэ боломжийг алдахгүй бөгөөд тэр нь хүчирхийлэл улам гаарахад хүргэж ч мэднэ.”

2016 оны уур амьсгалын дүр зураг

Уур амьсгалыг өөрчилдөг Эль Нино үзэгдлийн нөлөөгөөр ган, үер болж, цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Агаарын бохирдлын гол буруутнууд шүүхийн хаалга татаж ч магадгүй.

Дели хотод машин унахыг хориглов

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар агаар хамгийн их бохирдсон Энэтхэг яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Дели хотын удирдлагууд хоёр долоо хоног автомашин унахыг хориглосноор нэг сая шахам автомашины утаанаас иргэдийг ангижруулжээ. Дели хотын дэд сайд Арвин Кержвалын хэлснээр дээрх алхам бол зөвхөн эхлэл гэнэ. Дели хот цаашид хотын иргэд, ялангуяа хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг хамгаалахын тулд шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна