Алтны үнэ нэмэгдэж, зэс хямдрав

2016 оны 1 сарын 8

Солонгосын хойгт устөрөгчийн бөмбөг туршиж, Ойрхи Дорнодод хөлөө олохгүй бужигнаж байх зуур Хятадын эдийн засгийн бууралтаас болж, үнэт цаасны зах зээл хямарч, үнэт метал алтны үнэ Лондоны металлын бирж дээр энэ долоо хоногт гурав дахь улирлын турш хамгийн өндөр байна.

Нэг унци алт лхагва гаригт Лондоны металлын бирж дээр 1,093.62 ам.доллараар худалдаалагдсан нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр хамгийн өндөр буюу 1,095.30 ам.долларт хүрч байснаас хойш анх удаа 1.5  хувиар өссөн нь энэ юм. АНУ уг таваарын фьючерс ханшийг ирэх хоёрдугаар сард нэг унци нь 1,091.90 ам.доллар байна гэж таамаглаж байгаа юм.

АНУ-ын Нөөцийн сангийн мэдээлснээр үнэт металын ханш энэ жил өсөх хандлагатай байгаа бөгөөд хэр их өсөх эсэх нь маргаантай байна.

Хятадад юанийн ханшийн уналтаас болж эдийн засаг нь хумигдсан нь олон улсын үнэт цаасны зах зээлийг бүтэн долоо хоног савлуулсан юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг савлууртай байгаа ийм үед Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан тухай мэдээ гарсан нь олон улсын улс төрийн санаа зовоосон асуудлыг нэгээр нэмсэн.

Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн зах зээл дэх ханшийн уналт хоёр нийлээд байдлыг улам дордуулж мэднэ хэмээн зах зээлийн шинжээчид үзэж байгаа юм .

Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан нь Япон болон БНСУ-д аюулын харанга дэлдсэн нь дэлхийн зах зээл дээр бага байсан алтны бодит эрэлтийг нэмэгдүүлэхэд тусалсан.

Харин зэсийн үнэ 2016 оны эхний худалдаанд хоёр долоо хоногийн хамгийн доод үнэд очсоныг мөн л Шанхайн хөрөнгийн бирж дэх уналт болон эдийн засгийн өсөлт буурах аюултай холбон тайлбарлаж байна.

Лондоны металлын бирж дээр зэс нэг тонн нь 4,606.50 ам.доллараар худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувь буурсан үзүүлэлт юм.  Үүнээс өмнө зэсийн үнэ нэг тонн нь 4,591 ам.доллараар худалдаалагдсан нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас хойшхи хамгийн доод үнэ юм. “Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт буурч байгаа ч үйлчилгээний өсөлт сайн байгаа нь яг л хоёр дугуйтай эдийн засаг гэж хэлж болохоор байна” хэмээн “Bank of China International”-ийн түүхий эдийн зах зээлийн стратегийн тэргүүн Зяо Фу ярьсан байна. Хятад улс мөн шинэ жилийн баярын өмнө гол металлын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаа юм.

Еврогийн бүсийн орнуудад аж үйлдвэрийн өсөлт өнгөрсөн 2015 онд бүх орнуудад нэмэхтэй гарсан. Харин АНУ-д аж үйлдвэрийн өсөлт өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 2009 оноос хойш анх удаа хасахтай гарсан юм.

Ам.долларын ханш чангарах төлөв ажиглагдсан нь металлын үнэд дарамж учруулж мэдэхээр байгаа юм. Ноён ам.доллар чангарах нь АНУ-аас бусад хөрөнгө оруулагчдад үнэтэй тусдаг. Ам.доллар чангарах нь нөгөө талаар уул уурхайн төслүүдийн өртгийг бууруулж, хөрөнгө оруулагчдад зардлаа танахад саад болдог.

“Goldman Sachs”-ийн гаргасан 2016 оны зэсийн үнийн урьдчилсан таамгаар 2016 оны эцэс гэхэд нэг тонн зэс 4,500 орчим ам.доллар байх прогноз гарчээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна