Бохирдуулагчдаас 183 сая юанийн торгууль авчээ

2016 оны 1 сарын 8

 

Хятадын нийслэл Бээжин хот өнгөрсөн 2015 онд бохирдлын хууль зөрчсөн аж ахуй нэгж, хувь хүмүүсээс нийт 183 сая юанийн торгууль хуримтлуулжээ. Бээжингийн байгаль орчны хяналтын албанаас мэдээлснээр энэ нь 2014 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

 

Бээжинд өнгөрсөн онд зөвхөн агаарын бохирдлын эсрэг хуулийг зөрчсөн 2000 орчим тохиолдолд нийт 44 сая юанийн торгууль ноогдуулсан хэмээн Синьхуа агентлагт мэдээлжээ.

 

Өнгөрсөн олон арван жилийн турш Хятадын эдийн засгийн өсөлт зөвхөн ашгийн төлөө явж ирсэн нь байгаль орчныг маш их сүйтгэсэн гэдгийг Коммунист намын эрх баригчид хүлээн зөвшөөрч, бодлого чиглэлээ эргэн харах болжээ. Улмаар олон улсын анхаарлыг Бээжинд төвлөрүүлээд буй агаарын бохирдлын гол “буруутан” нүүрсний хэрэглээг багасгах эрхзүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Түүнчлэн Бээжингийн эрх баригчид байгаль орчинд халгаатай үйлдлээ зогсоож, ногоон хөгжлийг дэмжих болов.

 

Хятадад өнгөрсөн наймдугаар сард баталсан агаарын бохирдлын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтөд торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, XINHUA

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна