Автобус компанийн захирлуудын хэргийг прокурорт шилжүүллээ

2016 оны 1 сарын 8

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан бөгөөд замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байсан. Гэтэл дээрх гурван аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлж, нөхөн олговор авч байсан байдаг. Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа өгч байсан гэх уг хэрэгт хэд, хэдэн хүнийг шалгах болсон.

Тодруулбал, "Тэнүүн огоо”, "Тулга огоо" компанийн захирал А.Ганхуяг, "Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хэрэгт сэжиглэгдсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан тушаалтнууд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж, 3.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна