Дунд сургуулийн багш сурагчаа санаатайгаар түлжээ

2016 оны 1 сарын 8

Сүүлийн үед багш сурган хүмүүжүүлэгчид балчирхан үрсийг хүчирхийллийн хэлбэрээр хүмүүжүүлэх гэсэн оролдлого нэмэгдэж байна. Хэдийгээр боловсролын салбарын үйл ажиллагааг бодлогоор өөрчлөх шинэчлэх ажлууд хийгдэж байгаа ч хөдөө орон нутагт хүчирхийллийн тохиолдол буурахгүй байна.

Оны өмнөхөн Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зодож байгаа бичлэг олныг сэртхийлгэсэн. Энэ хэргийн шуугиан намжаагүй байхад дахин нэг орон нутгийн багш санаатайгаар хүүхдүүдээ түлж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын дунд сургуулийн бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлж, гэмтээсэн хэрэг шинэ оны өмнө гарчээ. Тус сургуулийн бага ангийн багш "Үдийн цай" өгөх үеэрээ сурагчаа "Аягагүй ирлээ" хэмээн загнаж, улмаар халуун будаа алган дээр нь тавьсан байна. Зургаахан настай нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулж, айсандаа халуун будааг асгахгүйг хичээж удаан барьсны улмаас гараа гүн түлжээ. Түүнээс хойш хүү сэтгэл санааны цочролд орсон гэх эцэг эх нь мэдээлсэн байна. Сурагчаа түлж гэмтээсэн багшид тус аймгийн Боловсролын газраас хариуцлага тооцсон байна. Одоогоор Булган аймгийн цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.

Т.НОМИН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна