МУЗГ, АНУ-н МСК хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажлын явц идэвхтэй өрнөж байна

2016 оны 1 сарын 8

Монгол Улсын Заcгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажил төлөвлөгөөний дагуу идэвхтэй үргэлжилж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд үр нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох зорилгоор эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаагаар дараах хүчин зүйлс нь манай улсын эдийн засгийн өсөлтийн боломжуудийг хязгаарлаж байна гэж тодорхойлогдлоо. Үүнд:

  1. Макро-эдийн засгийн сул, тогтворгүй орчин нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

  1. Бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хоорондын уялдаагүй байдал нь бизнесийн орчинд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж байна.

  1. Үйлдвэрлэлийн салбар болон гэр хорооллын ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хязгаарлагдмал, нийлүүлэлтийн зардал өндөр байна.

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа зэрэг болно.

Мянганы сорилтын корпорациас гаргасан компакт гэрээ боловсруулах ажлын удирдамжийн дагуу эдгээр хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох (Root Cause Analysis) зорилгоор МСК-ийн Монголын хөтөлбөрийг хариуцсан багийн эдийн засаг, хувийн хэвшил, нийгэм, жендэрийн чиглэлийн мэргэжилтнүүд 2015 оны 9 дүгээр сард манай улсад ажилласан.

Энэ үеэр Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүд эдийн засгийн судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцуулах, нэмэлт мэдээлэл авах, санал солилцох зорилгоор дээр дурдсан чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох хэлэлцүүлгийг (Root Cause Analysis Workshop) холбогдох салбарын төлөөллүүдийг оролцуулан 2015 оны 9 дугээр сарын 21-23-нд Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулав.

Түүнчлэн, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдэд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааны дүнг танилцуулсан. Уг уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүд Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан судалгааны үр дүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлж, компакт гэрээ боловсруулах дараагийн шатны ажлыг үргэлжлүүлэхийг дэмжсэн болно.

Үүний дагуу макро-эдийн засгийн тогтворгүй байдалд нөлөөлж буй нэг салбараас хэт хамааралтай байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн төрөлжилтийг дэмжих (Concept Program Addressing Economic Diversification), Улаанбаатар хотын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн салбарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх (Concept Notes on Water Shortage Problem and Wastewater Issues in Ger Districts of Ulaanbaatar) чиглэлээр боловсруулсан саналуудыг 2015 оны 12 дугаар сард МСК-д албан ёсоор хүргүүлээд байна.

МСК-ийн зүгээс эдгээр саналуудыг авч хэлэлцээд албан ёсоор хариу ирүүлсний дараа Үндэсний ажлын алба нь төсөл, хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг (Concept Paper) боловсруулах, шаардлагатай нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна