Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

2016 оны 1 сарын 8

Засгийн газрын ээлжит бус хуралдаан  2016 оны 1 дүгээр сарын 8-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.


Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хуулийн зорилго нь тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд оршиж байна.

Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэж үзлээ. Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлснээр хуримтлалын суурийг тавих, хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэх, төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах, тодорхой шаардлага, шалгуур нөхцөл хангасан иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ипотекийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна