Хүүхдийн 20 мянгаар хэн, юу хэлж байв?

2016 оны 1 сарын 9

УИХ 2016 оны төсвийн хуулийг батлахдаа зорилтот хэсэгт хүүхдийн 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн ч өөрчлөх боллоо. Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд 1 сая, 30 мянган хүүхдэд сар тутам 20 мянган төгрөг олгоход жилдээ 246.7 тэрбум төгрөг шаардах болж буй. Зорилтот хэсэгт буюу 1-17 дугаар бүлгийнхэнд олгох нөхцөлд 601 мянган хүүхэд хамрагдах байжээ. Өмнө нь 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгож байхад “Зорилтот хэсэгт хүргэх ёстой” гэх асуудал ч хөндөгдөж байсныг сануулах ёстой болов уу.

Харин бодлого боловсруулагчид хийгээд хууль тогтоогчид Хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох асуудлаар өмнө нь ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя.

“Нийгмээ халамж болгон хувиргажээ”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Сонгууль болгоноор бие биенээсээ өрсөн амалж, уралдаж явсаар бид нийгмээ нэгэнт халамжийн болгон хувиргажээ. Өнөөдөр бизнес хийж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхэд аль аль нь хүүхдийн 20 000 төгрөгийг бэлнээр авч байна. Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиж, хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрүүдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгоё.

2014.12.19-нд


“Хүүхдийн ирээдүйг хамгаалан сан болж өөрчлөгдөх ёстой”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хүний хөгжил сангаар дамжуулаад иргэддээ, хүүхэд бүртээ 1.2 их наяд төгрөгийг халамж хэлбэрээр тараасан байна. Хүүхдийн 20 мянган төгрөг хэрэгцээтэй айл өрх бий. Гэхдээ сар бүр 20 мянган төгрөгийг олгоод байх уу, хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдэх үү гэдэг сонголтыг ард түмэндээ өгөх зайлшгүй нөхцөл бий болсон гэж би үзэж байна.

Засгийн газар энэ мөнгийг нэг болохоор халамжийн мөнгө ч юм шиг, нэг болохоор нийгмийн хамгааллын мөнгө ч юм шиг тайлбарлаж, хэлэх боллоо. Үзэл санааны хувьд энэ сангийн зорилго, зарцуулалт хуримтлал дээр зайлшгүй өөрчлөлт хийх ёстой. Хэрэв халамжийн мөнгө нь байх юм бол бусад орнуудын нэгэн адил нөхцөлт мөнгөн тэтгэмж болгох. Эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагатай уяж, хүүхдээ сургуулиас завсардуулаагүй, боловсрол эзэмшүүлсэн, вакцинд хамруулсан бол мөнгөн тэтгэмж олгодог байх. Нөгөө талаасаа хүүхдийн мөнгө Монголын хүн амыг өсгөх нийгмийн хамгааллын бодлогоосоо ухрахгүй байхад чиглэх ёстой. Ингэхдээ цаашдаа хүүхдийн ирээдүйн боловсролыг хамгаалсан хөрөнгө оруулалтын хуримтлалын сан болж өөрчлөгдөх ёстой. Энэ шийдвэрийг УИХ гаргах ёстой гэж би үзэж байна. Хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг сар тутамд авах уу, эсвэл 17, 18 нас хүрээд 12 дугаар ангиа төгсөөд дээд боловсрол, мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь хуримтлал үүсгэсэн ирээдүйн боловсролын даатгалын сангаас мөнгөө авах уу сонголтыг эцэг, эхэд өгөх ёстой.

Монголчууд хүүхдийнхээ боловсролд маш их мөнгө зардаг ард түмэн. Хүний хөгжлийн сангаа хүүхдийн ирээдүйн хуримтлалын сан болгох цаг нь ирсэн.

2015 оны нэгдүгээр сарын 11-нд чуулганы хуралдааны үеэр


“Ард түмнийхээ нэрийг барьж битгий хуур”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Зөвхөн хүүхдийн мөнгөөр дамжуулж 1.5 тэрбумыг хасч байна. Үүнийг УИХ дахь бие даагчдын зөвлөл дэмжихгүй.

Хямарч байгаа үед өөрсдөө дэд сайд, яамныхаа тоог нэмж барьцаа ахиулаад, ард түмнийхээ халаасыг сэгсэрнэ гэж болохгүй. Одоо ийм зан гаргаж байгаа ч 2016 онд "Юу дутаж байна" гээд л ард түмнийг царайчлаад эхэлнэ, Өлсгөж, өлсгөж байгаад амлахаар итгэдэг юм уу. Би сүүлийн үед ингэж бодож байгаа. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг амалсан амлалтаасаа буцна гэдэг утгагүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бодож байхдаа юугаа бодож амалсан юм. Хэрвээ ёс зүй, зарчимтай төр байх юм бол энийг чадахгүй боллоо гээд хоёр гараа өргөх ёстой байхгүй юу. Чадахгүй мөртлөө чадаж байгаа юм шиг царайлахаар улам доройтоод өшөө хямарч байна. Эцэст нь хэлэхэд, ард түмнийхээ нэрийг барьж битгий хуур гэж хэлмээр байна. Албан тушаал авах болохоор хөөрхий муу ард түмэн гэчихнэ, авсан хойноо эд нараас мөнгийг нь авна гээд унадаг. Энийг л болохгүй гэж хэлнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 2014.12.23-нд


“Чинээлэг хэсгийн хүүхдүүдэд мөнгө олгох хэрэггүй”

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Одоо хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхдэд өгч байгаа. Статистикиар 0-15 насыг хүүхэд гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхтэй хүн амыг тооцоолохдоо 1.2 сая эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж тооцоолоход 15-аас дээш гэж явдаг. Тиймээс тэр насыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголын эдийн засгийг хэрэглээнийх нь бүтцээр 20:20 хувиар таван группт хуваалаа гэхэд хамгийн ядуу хэсэг нь 8,3 хувь. Түүний дараа арай илүү, дараа нь дунд хавьцаа гээд ядуу болон ядуувтар хэсэг ерөнхийдөө 38 орчим хувь байгаа. Тэр 38 хувьд хамаарч байгаа хүмүүсийн хүүхдүүдэд халамж өгөх ёстой. Чинээлэг хэсэг гэж байгаа. Үүний дээр арай чинээлэг хэсэг гэж бий. Энэ хүмүүсийн хүүхдүүдэд өгөөд байх хэрэггүй. Ингэснээр хүүхдийн мөнгө гэдгийн утга учир нь зорилтот бүлэгт жинхэнэ байдлаар хүрэх юм. Мөн нөхцөлтэйгөөр ингэж өгсөн мөнгө хүүхдийн хөгжил талаас илүү байх болно. Харин үүнээс илүү гарсан мөнгийг цэцэрлэг, эмнэлэгт зориулъя гэж би өмнө нь хэлж байсан.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 2014.12.23-нд


“Халамж хавтгайрсан”

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Өнөөдөр нийгмийн халамж монголд хавтгайрсан уу гэвэл хавтгайрсан. Тухайлбал, хүүхдийн мөнгийг бүх айл өрхөд өгөх хэрэгтэй эсэхэд иргэд ч бас шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар салбар яамнаас тодорхой судалгаа хийсэн байна лээ. Судалгаанаас харахад Монголын нийт өрхийн 20 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө огт авч хэрэглэхгүй байна гэсэн дүн гарсан. Жишээлбэл, өнгөрсөн онд Хүний хөгжлийн санд таван тэрбум гаруй төгрөг хуримтлагдсан байна. Амьдралын боломжтой, сар тутамд зайлшгүй төрөөс мөнгө авах шаардлагагүй айл өрх байгаа учраас заавал хавтгайрсан байдлаар нийгмийн халамжийг явуулах нь буруу гэдэгтэй би санал нэгддэг. Гэхдээ нөгөө талдаа энэ мөнгө амьжиргаанд нь зайлшгүй шаардлагатай айл өрхүүд ч бий. Хүүхдийнх нь мөнгө амьдралд бодитоор нөлөөлдөг айл байгааг үгүйсгэж болохгүй.

ХАХНХЯ-наас энэ талаарх маш нарийн судалгаа гаргасан байгаа. Энэ судалгаанд Монгол Улсын нийт айл өрхийн 80 гаруй хувийг хамруулсан. Ингээд бага орлоготойгоос боломжийн амьдралтай хүртэл нь буюу орлогынх нь төвшнөөр 20 ангилсан. Энэ бол нэлээд нарийн, сайн судалгаа. Эндээс харахад хамгийн өндөр орлоготой буюу дээд таван төвшний өрхөд хүүхдийн мөнгө зайлшгүй шаардлагагүй, энэ мөнгийг авч хэрэглэхгүй юм байна гэдэг нь судалгаагаар харагдсан. Харин үлдсэн 15 ангилалд хамрагдаж байгаа буюу нийт өрхийн 70-80 хувьд нь хүүхдийн мөнгө үргэлжлэн хүрнэ гэж ойлгож болно. Эхнээсээ энэ бол хүүхдийг алагчилсан бодлого байгаагүй. Бүх хүүхдэд адил тэгш өгч байсан. Хамгийн гол нь эцэг эх нь төрөөс өгч байгаа мөнгийг авч хэрэглэхгүй байна шүү дээ. Тэгэхээр алагчлалаас сэргийлэх нэг боломж бол танаж үлдсэн мөнгийг эргээд хүүхдүүдэд зориулах ёстой гэж үзэж байгаа юм. Тухайлбал, хүүхдийн сургууль, цэцэрлэг гэх мэтэд. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв зэргийг бий болгосноор эргээд бүх хүүхэд хамрагдах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт эцэг эхчүүдийн ашиглахгүй байгаа мөнгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулъя л гэж байгаа юм. Тиймээс үүнийг хүүхдүүдийг алагчлах бодлого гэж харж болохгүй.

“Монголын үнэн” сонин 2015.01.07-нд


“Улстөржсөн халамжаас татгалзах хэрэгтэй”

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: -Нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчласан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авья гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

2015.11.19-нд

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна