АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт

2016 оны 1 сарын 9

Өнгөрсөн дөрөв, тав хоногт ажил хэргийн идэвхийн үндсэн үзүүлэлт индекс Dow Jones 5%-иас илүүтэйгээр уналаа.

Шинэ оны эхний хоногуудын АНУ дахь хөрөнгийн зах зээлийн уналт нь 119 жилийн хугацаанд дахь хамгийн ноцтой нь болж байна. Тэр нь олон том санхүүч болон ажил хэрэгч хүмүүст 2008 оны даяарчлалын санхүүгийн хямралыг давтана гэсэн айдсыг төрүүлж байна гэж CNN телевизийн шинжээчид энэ пүрэв гаригт ярьжээ. Тэд нэгдүгээр сарын 4-ний өдрийн шинэ оны эхний арилжаа ямар явагдсанд анхаарлаа хандуулав. Эхний дөрвөн өдрийн арилжаагаар ажил хэргийн үндсэн идэвхийн гол үзүүлэлт болдог индекс Dow Jones тав гаруй хувиар буюу 911 пунктаар унажээ.

"Энэ нь тооллого хийгдэж ирсэн түүхэнд дөрөв хоногийн уналтын хамгийн муу үзүүлэлт боллоо. FactSet компанийн 1897 оноос хөтөлж байгаа тооллогын статистик үүнийг үзүүллээ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэд Коннектикут мужид байрладаг, дэлхийн хөгжсөн аж үйлдвэр, санхүүгийн мэдээнд дүгнэлт гаргадаг FactSet Research Systems компанийн статистикийг хэлж байгаа юм.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны пүрэв гаригийн хаалтаар Dow Jones 392,41 пунктаар доошлон 2,3%-ийн уналтыг харуулан 16514,10 гэсэн пункт дээр зогсжээ. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн бага үзүүлэлт байлаа. Индекс Standard & Poor's 500 арилжааны сүүл рүү 47 пунктаар буюу 2,4%-иар унан 1943 пункт гэсэн төвшинд хүрэв. Цахим биржийн индекс Nasdaq - 146 пунктаар буюу 3%-иар доошлон 4689 пунктыг заажээ.

Тэр өдрийн өглөө эх газрын Хятадын хөрөнгийн бирж хүчтэй уналтын улмаас нээгдсэнээс хагас цагийн дараа хаагдсан байв. Шанхайн хөрөнгийн биржийн дүр зургийг харуулдаг индекс Shanghai Composite 7,32 хувиа алдан 3115,89 пункт хүртэл доошлов.Шэньчэнийн худалдааны талбарын идэвхийн гол үзүүлэлт болох индекс Shenzhen Component 8,35 хувиар унаад 10 745,47 пункт гэсэн үзүүлэлтэй байлаа.

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болох юанийн ханшны доллартай харьцуулсан нь 6,5646 юань болсноос хөрөнгө оруулагчдыг сандраасан юм. Оны эхнээс мөрдөж байгаа шинэ журмын дагуу 300 том компанийн хувьцааны үнийг харуулдаг индекс CSI 300 нь долоон хувиас давсан уналттай бол арилжааг тэр өдөрт нь зогсоодог. Пүрэв гаригт CSI 300 нь 7,21%-иар унажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна