Хөрөнгийн биржийг сэргээгч

2016 оны 1 сарын 9

Өдрийнх нь арилжаа 2-3 сая төгрөгтэй тэнцэж, “Наран туул” худалдааны төв дэх гутлын наймаачнаас ч долоон дор ажиллаж байна гэх шүүмжлэлийг олонтаа сонсч ирсэн Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сэргэлээ. Тэрбумаар тоологдох арилжаа хийдэг болсон баяртай мэдээг дуулгах болов. Ийн бирж сэргэхэд удирдлагын менежмэнт голлох нөлөө үзүүлснийг хэлэх цөөнгүй байна.

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр 2015 оны есдүгээр сард Монголын хөрөнгийн биржийн захирлаар М.Болор гэх залууг томилсон юм байна. Тэрээр ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан байдаг аж.

Ажлын гараагаа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай ажээ.

Ажлаа авсан даруйдаа хөрөнгө босгох ажилд ханцуй шамлан орсон байна. Монголын Ипотекийн корпорацийн хувьцааг арилжаалахаар болж, бэлтгэл хангасан нь талаар болсонгүй, 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд 37 тэрбум төгрөг босгожээ. Харин өчигдөр “Монгол шуудан” хувьцаат компанийн 34 хувийг иргэдэд нээлттэйгээр хувьчилсан. Ингэснээр 6.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, уг хөрөнгөөр автозамын логистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр болж байна.

“Монгол шуудан”-гийн хувьцааг нээлттэй худалдсанаар хөрөнгө оруулагчдаас нийт 12.6 тэрбум төгрөгийн хувьцааг худалдан авах захиалга иржээ. Энэ нь монголчууд олон нийт төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол их байгааг харуулсан явдал аж. Энэ тухай Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болор “Монгол шуудан” ХК хувьчлагдан, хувьцааны 34 хувийг иргэд олон нийтэд нээлттэй санал болгон арилжиж, тус компанийн хувьчлалыг амжилттай явууллаа. Төрийн өмчит компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлагдсанаар, иргэн бүр төрийн өмчийн хувьчлалд эрх тэгш оролцож, өгөөж хүртэх боломжийг бий болгож буй нь хөрөнгийн зах зээлийн онцлог, давуу тал. Нэгдүгээрт, IPO хийсэн нь дотоодын зах зээлээс хөрөнгө босгох боломжтой байна гэдгийг бусад компаниудад харуулж буй дохио юм.

Хоёрдугаарт, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж бүртгэл, хяналт, шалгалт, арилжааны журамд өөрчлөлт оруулж байгаа нь анхнаасаа үр дүнгээ харуулж байна" гэж хэллээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна