Энэ онд 40.3 мянган тонн гурил импортолно

2016 оны 1 сарын 9

Хүнс хөдөө аж ахуйн яаманд 75 аж ахуйн нэгж улаан буудайн гурил импортлох хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 65 компанид нийт 40.3 мянган тонн гурил  импортлохыг Хүнс хөдөө аж ахуйн яам зөвшөөрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад зургаа дахин компанид гурил импортлох зөвшөөрөл олгосон гэсэн үг юм. Импортын зөвшөөрлийн тоог олшруулсан нь үйлдвэржилтийг дэмжих нэг арга гэнэ. Тухайлбал “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг хүнсний чиглэлийн таван үйлдвэрт гурил импортлох хүсэлтийг давуулан олгосон нь тэдний үйлдвэрийг салбарын яамнаас нь тусгайлан дэмжсэний илрэл аж. Тодруулбал, “Өгөөж” компанид 1400 тонн, “Талх чихэр” компанид 1440 тонн гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Харин “Алейка импекс”, “Өег” гэсэн дамжуулан худалдагч хоёр компанид импортоор оруулж ирэх нийт гурилын 34 хувийг буюу тус бүр 7000 тонн гурил оруулж ирэхийг салбарын яам зөвшөөрсөн байна. “Өег” компани дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг 40 жижиг үйлдвэрт, “Алейка импекс” компани 20 орчим үйлдвэрт импортын гурилаа нийлүүлдэг гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тайлбарлалаа. Энэ онд 40.3 мянган тонн улаан буудай гурил импортлохоос 28.5 мянга нь дээд, 10.5 мянга нь нэгдүгээр, 1000 тонн нь хоёрдугаар гурил, 300 тонн нь меслин буюу холимог гурил байхаар заажээ.

Д.УУДАМ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна