Хариуцлага тооцуулахаар сайдад ханджээ

2016 оны 1 сарын 9

Авлигатай тэмцэх газарт Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь албан тушаалаа урвуулан ашиглаж байна гэсэн гомдол ирсэн байна. Тус гомдлын дагуу Б.Баатарсүрэнг Авлигатай тэмцэх газраас шалгахад Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь эхнэрийнхээ үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар ажил олгогчийг дэмжих гэрээг байгуулж 2013 онд гурван сая 369 мянга 600 төгрөгийн урамшууллыг олгосон, мөн төрсөн эцэг Батсайхан, төрсөн дүү Б нартай хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг байгуулж, тус бүр гурван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байсан нь илэрчээ. Мөн Б.Баатарсүрэн нь 2013-2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байжээ. Иймээс хууль Б.Баатарсүрэнд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд Авлигатай тэмцэх газраас хүргүүлжээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна