Эхний өдөр долоон шинэ аварга төрлөө

2016 оны 1 сарын 10

Б.Батзориг Спортын наадмын хошой аварга болж, 7 шинэ аварга төрлөө

Бүх ард түмний спортын ХIҮ наадмын хүрээнд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Эхний өдөр буюу өчигдөр/01.09/ эрэгтэй 57, 65, 70, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо.

Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Хан-Уул, дүүрэг, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан аймгуудын Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Ганьт”, “Гацуурт-Олимп”, “Женко”, Завхан аймгийн “Даян” дэвжээ, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, ”Аварга”, “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль зэрэг 31 биеийн тамир, спортын хороо, клубын бөхчүүд өрсөлдөж байна.

 

Эхний өдөр 119 эрэгтэй , эмэгтэй 59 нийт 178 бөх барилдсаны дотор эрэгтэй 57 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, дэлхийн залуучудын аварга, Азийн аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, “Арслан” клубын бөх, Азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Тулга, “Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Номин, “Алдар” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, “Женко” клубын бөх, азийн сонгомол барилдааны аварга, олон улсын хэмжээний мастер Г.Чойгожид, 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, армийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, “Гацуурт-Олимп” клубын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүү, “Хилчин” спорт хорооны бөх, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 97 кг-ын жинд “Сүлд” спорт хороо, “Ганьт” клубын бөх, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, “Хангарьд” клубын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, 69 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, “Алдар” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, “Арслан” клубын бөх, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Цэцэгбаяр, Баянзүрх дүүргийн бөх, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан нарын өнгөө цагийн шилдэг бөхчүүд зодоглосон байна.

Тэмцээнд 30 шүүгч ажиллаж байгаагийн дотор 24 олон улсын шүүгч байна, ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна.

МЧБХ-ноос Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн Спортын наадмын чөлөөт бөхиййн тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч, “Хүчит чулуут” компанийн захирал Б.Батзаяа, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, “Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Архангай аймаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Улсын гарьд Д.Рагчаа, “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Д.Бумбаяр, “Хилчин” спорт хорооны дарга, Улсын заан Ц.Мягмарсүрэн, Завхан аймаг хариуцсан дэд ерөнхийлөгч, “Монгол сан” компанийн захирал Д.Мягмарсүрэн, “Топ дрилинг” компанийн захирал Л.Мягмарсүрэн, “Бумбат” компанийн захирал, олон улсын хэмжээний мастер Ло.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, холбооны мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Мэргэжлийн зөвлөлийн дарга, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ламбаа, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багуудын албаны дарга, ОХУ-ын Буриад улсын Спортын гавьяат зүтгэлтэн Ц.Одонбаяр, Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга, Гавьяат дасгалжуулагч Л.Ням, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, “Хангарьд” клубын мэргэжилтэн, Гавьяат дасгалжуулагч Ч.Раднаабазар, Ховд аймгийн биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, Улсын заан, олон улсын хэмжээний мастер Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж, Улсын начин, азийн аварга Х.Амараа, ОХУ-ын Буриад улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч В.М.Бумбушкин нар оролцлоо.

МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж УАШТ-нийг нээж үг хэлэхдээ “Бид 2016 онд, олимпийн жилд дөнгөж хөл тавиад байна. Бразил улсын нийслэл Рио-де-Жанейро хотод Зуны олимпийн XXXI дэх наадам болно. Энэ жил бол холбоо, дасгалжуулагчид, бөхчүүд, шүүгчид бүгдийнх нь хувьд шалгалтын он болж байна. Олимпийн мөчлөгийн дөрвөн жилд юу хийж бүтээснээ, барилдах ур чадвараа хэрхэн дээшлүүлснээ, ямар шавь бэлтгэснээ харуулах цаг ирж байна. “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын бөхийн сонгон шалгаруулах “The first “Last-Chance” буюу “Эхний сүүлчийн боломж” тэмцээн манай нийслэл хотод дөрөвдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд болно. Энэ бол чөлөөт бөхийнхний хувьд төдийгүй монголын спортын түүхэнд олимпийн сонгон шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа авч байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Иймд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэн зохион байгуулах өндөр хариуцлага бидэнд ногдож байна. Казахстан улсад болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн, эх орондоо болох сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн үлдсэн 6 эрхээ авч Зуны олимпийн наадамд бүтэн багаараа оролцож олимпийн наадмаас чөлөөт бөхийн анхны аваргаа төрүүлж бөхийн спортыг шүтдэг ард түмнээ баярлуулах маш том зорилго энэ жил бидний өмнө байна. Энэ эрхэм зорилгын төлөө бүгдээрээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэцгээе.” гэж онцлон дурдлаа.

Нээлтийн ёслол дээр “My Voice” улсын тэмцээний оролцогч, “Женко” клубын дасгалжуулагч, ДАШТ-ний мөнгөн медальт Б.Оюунсүрэн “Дассан сэтгэл” дуугаараа ая дууны мэнд хүргэсэн.
“Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Ням-Очир жингээ сольж 57 кг-ын жинд, “Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Номин 65 кг-ын жинд жин өгсөн зодоглосон байна. “Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер З.Занабазар нэгдүгээр тойрогт Дархан-Уул аймгийн бөх А.Мөнх-Эрдэнэд 3:4, “Алдар” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ц.Бямбазаяа нэгдүгээр тойрогт Баянхонгор аймгийн бөх Б.Хонгорзулд 1:4 онооны харьцаагаар дийлджээ. 57 кг-ын жинд дөрөвний нэгийн барилдаанд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нарын барилдаан онц сонирхолтой болж нэгдүгээр үед Э.Бэхбаяр өрсөлдөгчөө торгуулж хоёрдугаар үед ард нь гарч 2 оноо авч дараа нь Д.Цогтбаатар хутгаж 4 оноо, дайрахад нь зайлж ард нь гарч 2 оноо авч 7:3 онооны харьцаагаар ялжээ. Хагас шигшээ барилдаанд Д.Цогтбаатар Гавьяат тамирчин Э.Ням-Очирыг 2:0 онооны харьцаагаар хожсон ч алтан медалийн төлөө барилдаанд Н.Батболдод 2:6 онооны харьцаагаар дийлджээ. Хүрэл медалийн төлөө Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Э.Ням-Очир нар өрсөлдөж Э.Бэхбаяр нь хожжээ.65 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин Г.Мандахнаран олон улсын хэмжээний мастер Б.Батмагнайд 5:7 онооны харьцаагаар дийлджээ.

Эмэгтэй 48 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэлийг 9:3 онооны харьцаагаар ялж “Арж капитал” компанийн нэрэмжит эмэгтэй багуудын тэмцээнд ялсан амжилтаа бататгалаа. Эмэгтэй 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, “Женко” клубын тамирчин, залуу бөх Б.Болортуяа нарын барилдаан хурц өрсөлдөөнтэй барилдаан болж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. 65 кг-ын жинд шувтаргын барилдаанд Б.Батмагнай, Б.Номин нар чөлөөт бөхийн спортын гайхамшигийг харуулан өрсөлдөж Б.Батмагнай 16:9 онооны харьцаагаар өрсөлдөгчөө ялжээ.

Тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Б.Батзориг Спортын наадмын хошой аварга болж С.Батболд, Б.Батмагнай, Д.Хүдэрбулга, Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, О.Оюунтуяа, Ш.Түмэнцэцэг нар анх удаа аварга болцгоолоо.

МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос эмэгтэй 48 кг-ын жинд түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэгт Япон улсад их сургуульд дасгалжуулагчийн мэргэжлээр суралцах урилга гардууллаа. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Алдар” спорт хорооны аварга, Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нар чөлөөт бөхийн “Тулгат” клубыг үүсгэн байгуулагч, нэрт дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын нэрэмжит хөнгөн жингийн Шилдэг бөхийн шагналыг Гавьяат тамирчин Э.Бэхбаярт олгож Цом, 1 сая төгрөгийг гардуулан өглөө.

Эхний өдрийн байдлаар “Алдар”, “Хилчин” спорт хороо тус бүр 2, “Аврагч”, “Сүлд” спорт хороо, “Гацуурт-Олимп”, “Хасу-Мегастарс”” клуб тус бүр 1 алтан медаль аваад байна.

УАШТ-нийг “НТВ", "Сүлд" зурагтууд шууд дамжуулж байна.

Тэмцээний хоёр дахь эрэгтэй 61, 74, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

2015 оны Бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний дүн

Эрэгтэй

57 кг:

1. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хорооны бөх, үндэсний
шигшээ багийн тамирчин/
3. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш”
компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн
оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-нйй хүрэл медальт,
залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
3. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/

65 кг:

1. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо,
армийн дэлхийн аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/
3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний
шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт,
азийн наадмын аварга/

70 кг:

1. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин,
оюутны дэлхийн аварга/
2. Болдхүүгийн Батсүх /Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб/
3. Буянцогтын Цогтгэрэл /Хан-Уул дүүрэг/
3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/

97 кг:

1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ
багийн тамирчин, азийн аварга/
2. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Амарын Батмөнх /”Харгант-Цамхаг” клуб/

Эмэгтэй:

48 кг:

1. Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн
оюутны шигшээ багийн бөх/
2. Бямбасүрэнгийн Мөнхнар /Баянзүрх дүүрэг/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын
аварга/
3. Батбаатарын Мөнхтуяа /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб/

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
2. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
3. Нандинцэцэгийн Анударь /”Цастын барс” клуб/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

60 кг:

1. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
2. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/

69 кг:

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
2. Очирбатын Насанбурмаа /”Хангарьд” клуб, үндэсний штигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/
3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб/
3. Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/

МЧБХ, Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна