Эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ажлаас халжээ

2016 оны 1 сарын 10

Өнгөрсөн онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажлаас үндэслэлгүй халсан гэх гомдол их иржээ. Энэ дундаас онцолбол сүү, кетчуп, ноос ноолуур, блок, тоосгоны үйлдвэрийн ажилтнууд дотроо үйлдвэрчний эвлэл байгуулж, эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ажлаас нь халжээ. Энэ мэтчилэн хууль бусаар ажлаас халагдсан 219 хүн нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөгөө авахаар хандсан байна. Мөн 2015 онд МҮЭХ-нд ирэх ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн мэдээ байна. Нийт гомдлын 30 орчим хувийг л гэхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх иргэдээс ирүүлжээ.

Тодруулбал:

Ажлаас үндэслэлгүй халагдсан – 973 хүн

Цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн, илүү цаг, ээлжийн амралтын мөнгө, нэмэгдэл бодоогүй – 704 хүн

Хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж хамтын маргаан үүсгэсэн, ажил хаялт зохион байгуулсан 211 хүн хандсан байна.

Ажлаас үндэслэлгүй халах зөрчил дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад зонхилжээ. Харин цалин хөлстэй холбоотой зөрчил уул уурхай, барилгын салбарт гол төлөв гарч байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна