АНУ-ын бөмбөгдөгч хойгийн дээгүүр нисэв

2016 оны 1 сарын 10

 

АНУ-ын “B52” бөмбөгдөгч онгоц ням гаригт /I.10/ Өмнөд Солонгос улсын дээгүүр нислэг үйлдлээ. Цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай “B52” бөмбөгдөгч онгоц хоёр Солонгосын хилээс 72 км зайтай оршин Осан агаарын баазын дээгүүр нислэг үйлдсэн байна. АНУ-ын бөмбөгдөгч онгоцыг Өмнөд Солонгосын цэргийн онгоцнууд дагалдан нисжээ. Энэ нь устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдээд буй Хойд Солонгост өгч буй АНУ-ын сануулга юм. Хойд Солонгос өнгөрсөн лхагва гаригт дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийхдээ устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдээлжээ.

 

Өмнө нь Хойд Солонгос 2013 онд цөмийн туршилт хийсний дараа АНУ-ын бөмбөгдөгч онгоц хойгийн дээгүүр нислэг үйлдэж байв. Тухайн үед АНУ “B52” болон “B2” бөмбөгдөгч онгоцоор Хойд Солонгост цэргийн сүрийг үзүүлж байжээ.

 

Үүний зэрэгцээ ирэх гуравдугаар сард АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт болох нь хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгана хэмээн ажиглагчид дүгнэж байна. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян өдөөн хатгалга гэж үздэг юм.

 

Хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа Хойд болон Өмнөд Солонгос энхийн гэрээ байгуулаагүй юм. Солонгосын дайнаас хойш АНУ-ын 28 мянган цэрэг хойгт байнга байршиж байна.

 

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна