Төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болно

2016 оны 1 сарын 10

Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 1 дүгээр сарын 15-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөгөөнийг Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний үеэр Чингис бондын үр дүн, ЖДҮХС-аас олгосон зээл, Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэхээс гадна төрийн худалдан авалтыг дэмжсэн санамж бичгүүдийг байгуулна. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг, АҮЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулах юм. Мөн ГОК, МАК, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоо” болон жижиг сүлжээ дэлгүүрүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулна. Түүнчлэн “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн  зөвлөгөөн”-д Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар илтгэл тавина.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГ-ууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл, үйлдвэрлэгчид оролцож төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцоно.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна