Ой санамжтай Оройн ганц модны роман

2016 оны 1 сарын 10

Өнгөрсөн оны хавар худалдаанд гарсан зохиолч Г.Мэнд-Ооёогийн "Шилийн Богд" романы тухай нэгэн шүүмжийг судлаач, яруу найрагч Г.Бямбажав бичсэнээ саяхан хэвлүүлсэн ""Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсарын урсгал" номдоо нийтэлжээ. Энэхүү шүүмжийг хэсэгчилэн хүргэж байна.

Монголын нүүдэлчдийн соёлын язгуур өвийг цогцлоон хадгалсан дорнын хээр тал-Дарьганга нутаг дахь түүхийн мөчлөгөөс сэдэвлэн бичсэн “Шилийн богд” уран сайхны романыг зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо бүтээжээ.

Зохиолчийн уран сайхны сэтгэлгээний нээлт нь “дорнын өв соёл-хүний оршихуй-байгаль экологи” гэсэн гурвалсан холбоонд зангилагдаж, туурвил зүйн шинэ арга барил, шинэ туршилт, шинэ эрэл хайгуул хийж монгол романы түүхийг баяжуулсанд оршино. Чингэхдээ түүхийн бүдэг улбаагаар замнаж түүхэн үнэнийг тодруулан уран сайхны арга хэрэгслийн тусламжтайгаар бодит дүр дүрслэл болгон буулгасан ажээ.

“Шилийн богд” роман нь реализмыг символизмтай сүлэлдүүлэн өвөрмөц арга хэлбэрээр бичигдсэн бүтээл бөгөөд бодит ертөнцийг шинэлэг маягаар харуулах эрэл хайгуул хийсэн уран сайхны өвөрмөц шийдлээрээ орчин цагийн монгол романуудаас илт ялгарах ажээ. Зохиолч реализм, шидэт реализмыг туурвил зүйнхээ гол үндэс суурь болгож, үүний зэрэгцээ далд ухамсар, зөн билиг, бэлгэдэл, совин мэдрэмж, уран сэтгэмж зэрэг реалист бус уран сайхны сэтгэлгээний арга барилуудыг хослуулан хэрэглэсэнээрээ онцлог юм.

“Шилийн богд” роман нь монголын тал нутгийн амьдралын өвөрмөц онцлог, өв соёл, зан заншил, түүхэн цаг үеийн түүхт хүмүүсийн амьдрал-тэмцэл, байгаль-эх дэлхийтэйгээ найран зохицдог нүүдэлчдийн өвөрмөц сэтгэлгээ зэргийг эртний үлгэр туульс, домог зүй, хууч яриа, сүсэг бишрэл, үндэсний ёс заншил, түүх-уран сайхны мэдлэгийн элементүүдтэй сүлэлдүүлэх замаар өнөө цагийн монголчуудын аж төрөхуй болон сэтгэл зүйд гарч буй өөрчлөлт зэрэгт дам нэвтрэх эрэл хайгуул, туршилт хийсэн бүтээл болжээ. Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь уг зохиолдоо сав шим ертөнцийн зүй тогтол, хүний оршихуйн мөн чанар, амьдралын утга учир, хүн-байгалийн хүйн холбооны тухай өгүүлсэн ажээ.

“Шилийн богд” романы эхний дөрвөн бүлгийн үйл явдал өгүүлэгчийн (зохиолчийн) оюун бодол, сэтгэлгээгээр дамжин илрэх бөгөөд төгсгөлийн тавдугаар бүлэг нь зохиолын гол дүрийн бодрол, өгүүлэмжээр илэрхийлэгдэж буй нь монгол романы уламжлалт арга барил, тиг, хандлагаас ангижрахыг оролдсон уран сайхны сэтгэлгээний эрэлхийлэл гэлтэй. Зохиолын үйл явдал, үндсэн чиг шугамыг Агшуу хэмээх шонхор шувуу холбон зангидна. Уг зохиол хязгааргүй хөх мандлын дунд элэн хальж, шумбан дүүлэх эр, эм хоёр шонхорын нислэгээр эхэлнэ. Агшуу шонхор нь бэлгэдэлт дүр. Аливаа улс үндэстэн бүр эрт дээр үеэс уламжилж ирсэн зан заншил, ёслол хүндэтгэл, хорио цээр, сайн сайхны өвөрмөц симболуудтай байдаг. Энэ бүхэн нь тухайн ард түмний сэтгэлгээний өвөрмөц ертөнцийг илтгэн харуулдаг. Зохиолч Агшуу хэмээх шонхорыг зүгээр ч нэг сонгож аваагүй бөгөөд “шонхор шувуу” нь эртнээс монголчуудын төр-улсын оршин тогтнол, хүчирхэгжилтийн бэлгэдэл болсоор ирсэн. Их Монгол улсын үед тэнгэрийн гурвалжингаар төлөөлсөн цагаан шонхор бүхий туг хиарыг төрийн бэлгэдэл болгон хэрэглэж байсан бөгөөд Алтан шонхор шувуу нь язгуурын монголчуудын буюу Чингис хааны Алтан ургийнхны шүтээн шувуу. Агшуу шонхорын бодол санаагаар дамжуулан зохиолчийн хүн төрөлхтний оршин ахуйд зовнисон зовинол илрэх ажээ.

Ижилдэн дассан Агшуу, Эгшүү хоёр бүлээсээ тусгаарлаж Онгон элсний Оройн ганц модыг сонгон үүр юугаа барьж төвхнөн, эм шонхорын хэвлийд үр-өндөг бойжиж их л жаргалтай аж төрцгөөж байтал гэнэтийн гай түйтгэр Оройн ганц модыг дайрч, олз ашигт шунасан муу хүмүүсийн гарт өртөж тэмтрэгдэх үртэс ч үгүй болтлоо сүйдэж байна. Эндээс зохиолын өрнөл, үйл явдлын хэлхээ хөвөрнө. Энэхүү замбуулинд болж буй (Дарьгангийн тал нутагт) хүмүүний сайн, саар бүхий л үйл явдал Агшуугийн хурц хараанаас үл зайлна... Эх нутгийнхаа эс ширхэг бүрийг хамгаалан хадгалахын төлөөх тэмцэл, эх нутаг, элгэн саднаа гэх хүн зоны элэг сэтгэл, их хүмүүсийн улс монголынхоо төлөө сэтгэл оюунаа чилээсэн зовинол... гээд бүхий л сайн сайхан үйл явдал шонхорын хурц хараанаас үл мултарна. Агшуу энэ цаг дор өрнөж буй сайн, саар үйл явдал хийгээд ирээдүйд учирах аюул занал, аврал эгээрэл бүхнийг хурц хараагаараа тольдон харах ажээ. Үүнд л зохиолын бэлгэдэлт дүрийн далд утга санаа оршиж байна.

Оройн ганц мод нь байгаль дэлхийтэйгээ найран зохицож амьдардаг нүүдэлчдийн хүн-байгаль хоёрын хүйн холбооны бэлгэдэлт дүрслэл. Зохиолч нэгэнтээ “эх дэлхий чинь яг л хүнтэй адилхан оюун ухаан, ой санамжтай, дотоод эрчим хүчтэй түүнийгээ байнга л илэрхийлж байдаг” хэмээн хэлсэн нь бий. Энэхүү гүн ухааны илэрхийлэл болсон дүр, дүрслэл бол Оройн ганц мод юм. Уулын багш... Нанзад хүүд – Оройн ганц модны галбарваасан мөчирнөөс ганц таягны дайтайг олж ирвээс чи бид хоёрын энэ замлинд нэгэн цаг үед нэгэн зүгийг замнасны хэрэг бүтэх нь тэр дээ! хэмээн захиж, эрлийн дөрөөнд мордуулж байгаа нь дээрх үзэл санааг бататгаж байна. Зохиолд Оройн ганц модны бэлгэдлийг тодотгосон, хүн зоны хүсэл тэмүүллийг илтгэсэн домог хууч олонтаа гарна. Үзэх бараагүй алга болсон Оройн ганц мод эх нутагтаа эргэн ирж Агшуугийн амин үр Цагаантолгойт тэнд үүр юугаан засан суурьшиж байна.

“Шилийн богд” роман нь бэлгэ бэлгэдлээр дүүрэн, реализмыг символизмтай гайхалтай сүлэлдүүлсэн зохиол ажээ. “Шилийн богд” романы туурвил зүйн бас нэгэн онцлог нь ардын аман зохиол, үлгэр домог, хууч яриаг уран чадмаг хэрэглэн бодит юм шигээр зохиолын үйл явдлуудтай холбон сүлж чадсанд оршино. Зохиолд Монголын Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн бага хатан хонгорид овгийн Тогтага тайшийн охин Гэрэлтэйн тухай домог хууч яриа, Бударын чулуу, Шартын хадны тухай домог, Тогоо нэрэх ёсны тухай домог хууч яриа, Эрдэнийн Галбарваасан модны үлгэр, Оройн ганц модны тухай үлгэр, Хун-гүнжийн тухай үлгэр, Онгон элсний тухай домог, Их эзэн Чингис хаан хийгээд Өгэдэй хааны тухай домог, хууч зэрэг их олон үлгэр домог, хууч яриа гарах бөгөөд бүгд л зохиолын үйл явдалтай нарийн шижмээр холбогдон утга юугий нь тодотгох ажээ. Зохиолч уншигчиддаа “эрт ба эдүгээ цагийн хязгааргүйг сөрөн орчлон дээр юу болоод өнгөрснийг, одоо бас юу болох гэж байгаа”-г харуулахыг зорихдоо монгол зоны үеэс үед ам дамжин уламжилж ирсэн үлгэр, домог, хууч яриа, сургаалыг уран сайхны бодит арга хэрэгсэлтэй сүлэлдүүлэн барим тавим үнэнийг өгүүлэх мэтээр туурвижээ. Монгол зоны их бичгийн хүн Г.Мэнд-Ооёо нь “Үлгэр бол үзэгдэх байдлыг өөрчлөн хувьсгаж өнө эртний оюун санааг өнөө цаг руу авчирдаг шидэт эрдэнэ юмсанжээ. Үлгэр эхлэхийн өмнө байсан жирийн Тоорой мод үлгэрийн дараа ер бусын Галбарваасан мод болон амилна”[23.146] хэмээн өгүүлжээ. Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь жирийн нэгэн Тоорой модыг ер бусын Галбарваасан мод болгон амилуулдаг монгол зоны туульсыг хүүрнэн өгүүлэгч буюу.

 “Шилийн богд” романд бодит болон хийсвэр олон дүр, дүрслэл гарна. Зохиолын оюун санааны хийсвэр дүр бол “Уулын багш”. Догшин бударын чулуудын дунд орших Өвгөн хурал нэрт аглаг буйдын бяцхан сүмд бясалган суугч Уулын багшийн нас сүүдрийг хэн ч үл мэднэ, өгүүлэгчийн өгүүлснээр лавтайяа таван үе шавь нарыг хөлийг нь дөрөөнд хүргэж холын аянд мордуулжээ. Орчлон тэргүүлэшгүй цагаас эдүгээ хүртэлх тэнгэрс, богдосоос дамжиж ирсэн эши бошго бүхий нууцын ном, түүхэн ховор нандин эд агуурс хийгээд олдохуйяа бэрх өмнөх үеийн мэргэдийн эрдэм билгүүний шимийг эрдэнэт бие сэтгэлдээ өртөөлж яваа гэгээнтнүүдийг хамгаалах дияанч хуврагуудыг энд сургана. Уулын багш зохиолын эх орон-тусгаар тогтнол-газар шороо гэсэн амин чухал гүн ухааныг оюун билиг-эрдэм номын увидасаар зангидан залах ажээ. Уулын багшийн ном билгүүний төгс чанарт хүрснийг харуулах дүрслэлүүд зохиолд олонтаа гарна. Яахын аргагүй зохиолын гол болоод туслах дүрүүд Уулын багштай ямар нэгэн шижмээр холбогдон, түүний оюун сэтгэлгээний билиг билгүүнтэй нэгдэх ажээ.

Догшин бударын чулуудаар хэдэн давхар хүрээлэгдэн орших нууцын орон болох Өвгөн хуралыг хамгаалах үйлийг эрхлэх айл нь “газарчин” хэмээх Данзангийнх. Газарч Данзан Жанчхүүд мал хүргэх албанд тохоогдож дайчлагдаад, бусдад хорлогдсон. Төрсөн хоёр хүүгийн том нь болох Сайнбуян Уулын багшийн дияаны эрдмийг өвлөн авч Говийн ноён хутагтын дэргэдийн хүн болсон, бага хүү Нанзад нь өрх толгойлж, эцгийн албыг залгамжилсан ажээ. Энэ бол түүхэн хүн Тооройбанди. Уг зохиолд шилийн сайн эр Нанзад хэмээгч “Тоорой банди”, Говийн V Ноён хутагт Данзанравжаа, Халхын Тогтохтөр ван, II Жанжаа гэгээн Ролбийдорж, Данзан, Дулам ээж, Шармаань бүсгүй, Цэрэнноров... гээд түүхэн бодит бие хүмүүсийн дүрийг уран сайхны арга хэлбэрээр нээн харуулжээ. Ноён хутагт Данзанравжаа, Халхын Тогтохтөр ван, II Жанжаа гэгээн Ролбийдорж зэрэг билиг эрдэм төгс, ер бусын оюун төгөлдөр их хүмүүсийн улс монголынхоо төлөө гэх элэг сэтгэл, үнэн түүх, амьдрал хувь заяных нь цадигийг нэгэн үзүүрт зангидан уяж чадсан нь зохиолчийн туурвил зүйн бас нэгэн онцлог гэлтэй.

Романы үйл явдлын нэг хэсэг нь монголчуудын зүрхэнд шаруус болж ирсэн “монгол, хятад хоёр улсын ээдрээт харилцаа”-нд чиглэж байна. Тооройбандийн бодол оюунд “Манай монголчууд зөвхөн цагаан хэрмийн урдах шороон түмэн хүний ханган нийлүүлэгч байсаар байх гэж үү дээ?”[23.55] гэдэг харуусал эргэлдэнэ. Энэхүү харуусал халаглал түүнийг тэмцэлд дуудан босгож, Уулын багш, Говийн ноён хутагт хоёроос хүртсэн сахил санваараа шувталж шилийн сайн эрд хувилж буйг зохиолч уран сайхны аргаар гайхалтай дүрслэн харуулжээ. Өгүүлэн буй цаг үед Тооройбанди тэргүүтэй шилийн сайн эрсийн тэмцэл, хөдөлгөөн нь нэн эртнээс улбаатай манж-хятадын урхагт бодлогын эсрэг чиглэж байсан билээ. Зохиолч энэхүү түүхэн үнэнийг туурвил зүйн гайхалтай шийдлээр нээн харуулжээ.

 “Шилийн богд” роман нь домог зүйн сэтгэлгээний ололтыг түүхэн уран сайхны сэтгэлгээтэй хослуулах замаар хүн-байгаль-нийгмийн оршихуйн асуудлуудыг ид шид, сүнс сүлд, тарни номын хүчний дүрслэлтэй сүлэлдүүлэн авч үзсэн гүн ухаан, танин мэдэхүйн өвөрмөц төрөл жанр бүхий бүтээл юм. Зохиолд ид шидийн гэмээр ийм дүрслэлүүдийг өргөн ашигласан, баатрууд нь ер бусын хүч чадалтай, урт настай, зарим нь үхэшгүй мөнхөөр дүрслэгдэх ажээ. Ноён хутагт энэ насны төрлөө юүлээд цогт сүнс нь Шамбал руу одоход Тооройбандийн ах Сайнбуян цэл залуугаараа хутагтын цогт сүнсийг нь хүргэхээр Самадид оршиж байна. Самадид оршино гэдэг нь үхэхтэй адилгүй лагшин нь яг хүн байсан хэвээрээ илч нь хөрөхгүй, дүрс нь хувирахгүй, сүнс нь буцаж ирвэл хөдлөөд явна гэсэн тайллаар зохиолын бас нэгэн эерэг баатрын хувь заяаг шийдэж байгаа нь уншигчдыг нэгэн бодлын баярлуулж, нэгэн бодлын гайхашруулна.

Хүний амьдрал, бие сэтгэл, ертөнцтэй харьцах арга нь орчноороо тодорхойлогддог жам ёсоор монголчууд өөр аль ч үндэстнээс өвөрмөц өөрийн аж төрөх ёс, хэв заншил, соёл иргэншлийг бүтээн бий болгож энэ бүхэн нь монголын үе үеийн урлаг-утга зохиол, уран сайхны туурвил зүйгээр дамжин илэрсээр ирсэн. Зохиолч Тооройбандийн энэхэн замбуулинд амьдрах амь насны авралыг монголчуудын туурвил зүйн оюунлагийн түвшинд тулгуурлан гаргажээ. Тооройбандийг эхийн зөн билиг, үрээ гэсэн юунд ч дийлдэшгүй сэтгэл, итгэл аварч байна. Зохиолд өрнөж буй үйл явдлыг хаана нь бодит байдал, хаана нь хийсвэр зүйл байгааг ялгахын аргагүй сүлэлдүүлэн ид шидийн гэмээр зүйлийг энгийн зүйл болгож, энгийн зүйлийг ид шидийн гэмээр болгон туурвисан тул хүний сэрэл сэрэхүйг хөглөн гайхамшгийг мэдрүүлнэ. Энэ нь монгол түүхэн романы туурвил зүйн өв уламжлалыг орчин үеийн уран сайхны сэтгэлгээтэй чадмаг хослуулан холбосон зохиолчийн арга барилтай холбоотой. Үнэхээр зохиолч түүхийн ой дуртатгалаас үлгэр, домог, хууч яриаг сөхөн байж алс хойчийн үед нууц нь бүрэн нээгдэх гайхамшгийг гарган тавьж буй нь энэ. Тийм дээ ч тэрээр “Юм гэдэг нэгэн бодлын Тоорой мод шиг энгийн, нөгөө бодлын Галбарваасан мод шиг ер бусын хоёрын дунд орших жамтай ажгуу”[23.146] хэмээсэн биз ээ.                      

Зохиолд Агшуу шонхор, Тооройбанди хоёрын дүр, дүрслэл нягт холбогдох ажээ. Агшуу шонхор ижил хань Эгшүүгээсээ хагацсан ч, шонхорын зоригоор бие, сэтгэлээ хатамжлан ганц үр Цагаантолгойтыг жинхэнэ ялагдашгүй шонхор болгон Оройн ганц модондоо хань ижилтэй нь хамт үлдээгээд өөрөө Шилийн богд уулыг зорьж байна. Зохиолч өөрийн бүтээлээрээ монголын тал нутгийн зан заншил өв соёл, түүх шашдир, бурханы шашны болоод бөө мөргөлийн зан үйл, нууц тарнийн ёс зэргийг зохиолын үйл явдал, дүр дүрслэлтэй сүлэлдүүлэн туурвил зүйн гайхалтай аргаар нээн харуулсан ажээ. Мөн хүн-байгаль хоёрын тасрахын аргагүй хүйн холбоог тодотгон “хүмүүний оюун санааны эрчим хүч, байгалийн эрчим хүч хоёр нэг л ундаргатай” гэдэгт зохиолын гүн ухаан чиглэж байна. Зохиолын эерэг дүрийн баатрууд өөрийн нутаг ус, байгаль орчинтойгоо цуг оршиж, байгаль ертөнцөө шүтэн, түүний огторгуйд өөрийн хувь заяаг зохион амьдралын үнэлэмжийн тухай ойлголт, түүнд түшиглэсэн зан суртахууныг бий болгох ажээ. Гомбожавын Мэнд-Ооёо “...үлгэрт үлдсэн ой санамж”-ийг сэрээж, “өнөө цагийнхаа зүрхний цохилт”-ыг юүлэн байж дорнын хөх тэнгэр доорхи дорнын хээр талын түүхэн туульсыг бичиглэсэн ШИЛИЙН БОГД роман нь үлгэр домгийн утгын хэлхээс, үнэн түүхийн тусгал, урлахуйн гоо зүйн бэлгэдэл, учир битүүлэг явдлын бодит тайлал, уламжлалт эрхи товчисын шинэ эрэл хайгуулын үр дүн шинэ цагийн уран сайхны сэтгэлгээний илрэл болсон МОНГОЛ СОНГОМОЛ ТҮҮХ УРАН САЙХНЫ РОМАН буюу.  

Г.Бямбажав (cудлаач)

2015.09.26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна