АН сонгуулийн хөзрөө дэлгэлээ

2016 оны 1 сарын 11

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-Зээлийн хүү ийнхүү таван хувь руу бууснаар эзэнгүй байгаа 17 мянган орон сууц эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж байна-

Тохилог орон сууцанд амьдрах нь монгол өрх бүрийн хүсэл. Улсынхаа иргэдийг хямд орон сууцаар хангаснаар нийгмийн хөгжлийн үндсэн өөрчлөлтүүдээ хийж чадсан Сингапурын цэцэн өвөө Ли Кван Югийн туршлага бий. Гэрийг нь засч өгч, ар гэртээ санаа зовинох зүйлгүй болгоод улсаа засах их ажилд дайчилна гэсэн үг.

Социализмын үед улсын барьсан орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй өгдөг байсан. Харин орон сууц хүссэн өргөдөлд хотын захиргаа болон албан байгууллагууд дарагдаж, орон сууцны дараалал гэж хэл ам тасардаггүй зүйл байсан. Байгууллагад жилдээ нэг, хоёр орон сууц ирнэ, зарим жил хуваарилагдахгүй. Мэдээж орон сууц олж авна гэдэг бол эр зоригийн асуудал байсан. Дарааллаа урагшлуулах, дараалал харгалзахгүйгээр авах, боломжийн байршлын орон сууцны боломжийн давхрын орон сууц авахын тулд даргын гарыг цайлгах, тал засах явдал хаа сайгүй байсан. Одоогийн хэллэгээр авилга цэцэглэсэн зүйл байсан юм. Баригдах орон сууцны тоо ч хязгаарлагдмал байж. Сүүлийн хоёр жилийн дүнгээр жилдээ 18-20 мянган орчим орон сууц шинээр баригдаж байгаа социализмын үетэй харьцуулахад бараг зургаа дахин их. Баригдсан орон сууц нь ч нэг стандартын. Харин одоо халаасан дахь мөнгөний хэмжээнд тааруулан дундаж стандартын орон сууцаас эхлээд дээд зэрэглэлийн люкс орон сууц, хаусыг худалдан авах болжээ. Гагцхүү тоолдог хэдтэй л байх ёстой. Гэтэл орон сууц авах хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан хүмүүс аль хэдийнэ хэрэгцээгээ хангачихсан, харин бэлэн мөнгөө гаргаад орон сууц авч чадахгүй хүмүүс нь үлдсэн. Ингэж үлдсэн нь хүн амын дийлэнх болж байгаа. Чухам иймээс орон сууцны ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь барилга үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдийн аль алины ашиг сонирхолд нийцсэн бодлого.

Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн журмыг 2013 оноос мөрдөж байгаа. Харин энэ найман хувийг таван хувь руу буулгах болсноо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын Ипотекийн корпорацийн захирал Л.Гантөгс нар сэтгүүлчдэд мэдээллээ. Найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэд орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилан төлөөд үлдсэн 70 хувиа ипотекийн зээлээр 20 жилийн хугацаанд төлж байсан. Харин МАН засагт хамтрах үедээ урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоно хэмээн зарлаж үүнийгээ сонгуулийн угтвар сурталчилгаа болгохыг хүсч байсан ч талаар болсон. УИХ-ын дарга З.Энхболд урьдчилгаа 30 хувийг буулгах эдийн засгийн ямар ч боломж байхгүй харин инфляц буураад байгаа энэ үед зээлийн найман хувийг таван хувь руу буулгах боломж бүрдлээ гэсэн юм. Зээлийн хүү найман хувиас таван хувь руу бууж байгаа нь орон сууц хүссэн иргэдэд сайхан мэдээ ч энэ бол Ардчилсан намын ирэх сонгуулийн гол хөзөр болох нь ойлгомжтой.

Зээлийн хүү ингэж бууснаар сарын орлого нь 900 мянгаас нэг сая төгрөгийн орлоготой өрх орон сууцны зээлд хамрагдах боломжтой болж байна. Найман хувийн зээлийн журам хэрэгжихээс өмнө иргэд 18.3 хувийн хүүтэй зээл авч байсантай харьцуулахад одоогийн таван хувь бол иргэдийн зээлийн дарамтыг бараг дөрөв дахин бууруулж байгаа. Монголын ипотекийн корпорациас гаргасан судалгаагаар дунджаар 18.3 хувийн хүүтэй орон сууцны зээл төлж байсан иргэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсанаар сар бүр 180 мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлсэнээс хойг 78 мянган өрх энэ зээлд хамрагдан шинэ орон сууцтай болж, өмнө нь 18.3 хувийн өндөр хүү төлж байсан иргэд найман хувийн хүү рүү шилжжээ.

Сүүлийн тоо баримтаар нийслэл Улаанбаатар хотод 352 мянган өрх байгаагаас 204 мянга нь гэр хороололд, 148 мянга нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг. Гэр хорооллын өрхийн тал хувь нь буюу 189 мянга нь дэд бүтэц хөгжсөн тохилог сууцанд амьдрах хүсэлтэй байгаа юм.

Зээлийн хүү ийнхүү таван хувь руу бууснаар эдүгээ баригдсан хэдий ч эзэнгүй байгаа 17 мянган орон сууц эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж байна.

УИХ-ын дарга таван хувийн хүүгийн хэрэгжих эрх зүйн орчныг Цагаан сараас өмнө баталгаажуулахаа амалсан. Мөн урьдчилгаа 30 хувийн 10 хувийг төрөөс даах яриа байгааг УИХ-ын дарга хэлсэн. Ингэсэн тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардагдах юм. Гэхдээ таван хувийн зээлд иргэдэд болоод эдийн засагт үр ашгаа өгөх хоёр нөхцөл байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн. Нэгдүгээрт, инфляцийг одоогийн байгаа нам төвшинд барих,хоёрдугаарт, урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадах нөхцөлд. Үндэсний статимтикийн хорооны сүүлийн дүн мэдээгээр инфляцийн түвшин 2.9 хувь байгаа. Монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёроос гурав дахин буусан нь инфляц ийнхүү нам түвшинд очиход нөлөөлсөн.

Хэдийгээр эзэнгүй 17 мянган сууц байгаа ч зээлийн хүү ингэж буурсанаар барилгын компаниуд орон сууцны нэг метр квадратын үнээ өсгөхгүй юу гэсэн асуултад барилгын зах зээлд 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас энд харилцан үгсэж үнээ нэмэх магадлалыг хааж, харин ч хэн бага үнэ амалсан нь байраа хурдан борлуулж чадна гэсэн итгэл шийдвэр гаргагчдад байгаагаа хэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна