Намуудыг бодлоготой болгоё

2016 оны 1 сарын 11

Сонгуулийн чимээ ойртох тусам намууд бодлогоор бус гишүүнчлэлээр уралдах нь. Нам дагасан нь хамгийн сайн ажил хийж, амьдралаа дээшлүүлдэг жишиг тогтсон болохоор залуус ч боломжийг ашиглаад сонгуульд нэр дэвших горилогчоо дагаад “намирч” эхлэв. Түүнд улс төрийн нам юуны төлөө үйл ажиллагаа явуулдаг, гишүүн нь ямар үүрэг хүлээх ёстой, сонгуулийн эцсийн зорилго юу вэ гэдэг чухал биш, зөвхөн горилогчоороо дамжуулж албан тушаалд хүрэх амбиц л бий. Горилогч ч мөн туслахаасаа дээрдэх юмгүй, мөнгөтэй, фракцитай байхад л эрх мэдэлд хүрнэ гэсэн үзэл баримтлалтай. Хамгийн аюултай нь тэр засаг төрөө эргээд барьцаалж болзошгүй. Монгол Улсад олон намын тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш 25 жил өнгөрсөн ч улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Төлөвшөөгүйн баталгаа нь иргэдийн өнөөдрийн амьжиргааг өнгөрсөн гурван жилийн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар уначихаад байхад “Бид бодлогын алдаа гаргажээ” гээд уучлал гуйчих улс төрийн хүчин гарч ирсэнгүй. Харин ч эрх мэдэлд хүрэхийн тулд биенээ барьцаалсан улс төрийг л хамгийн их хийх болов. Бодит жишээ нь, Эрүүл мэнд, спортын яам болж хувирлаа. Салбарын сайд нь авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас хойш хоёр сар болоход Ерөнхий сайд нь бие даагаад сайдаа нэр дэвшүүлчих эрх мэдэлгүй болтлоо доройтсоноос харж болно.

Нөгөө талаас өөрсдөдөө тааруулж ойр, ойрхон хуулиа өөрчилдөгийн хар гайгаар сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш тэд хоногийн дотор багтаан дараагийн сайдын нэрийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэн шийднэ гэсэн заалт хуульд алга. Энэ алдаануудыг засахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна. Энэ хуулийг УИХ сар шинээс урьтан хэлэлцэж баталъя. Хуулийн төслийг нэгдүгээр сарын 4-нд УИХ-д өргөн барьсан байгаа. Түүнд улс төрийн намыг төлөвшүүлэх, бодлогын нам болгон өөрчлөх чухал заалтууд тусгалаа олсны зэрэгцээ улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зохицуултад ч бий.

Нэгдүгээрт, намыг бодлогын нам болгон өөрчлөхийн тулд судалгааны байгууллагатай байна. Хоёрт, манлайлагч, хүний нөөцийг бэлтгэдэг газар байна. Гуравт, нам нь төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бүтэц байна гэж зааж өгчээ.

Өнөөдөр намуудад бодлого алга. Сонгууль дөхөхөөр амь орцгоож, гоё гоё амлалт өгнө. Шинжлэх ухаанд үндэслэсэн, тооцоо судалгаа байдаггүй. Жишээ нь, шинэ он гарахын өмнө зарим жижиг нам иргэдийн хэрэглээний зээлийг 0-лэх боломжтой хэмээн нэг хэсэг PR хийсэн. Үнэндээ тийм боломж байхгүй. Малчдыг төрөөс цалинжуулдаг болох тухай амлалт өгсөн нь ч бий. Энэ бол сонгуульд ялж, УИХ-д суух нь чухал болохоос сонгогдсоныхоо дараа улс орноо яаж шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх вэ гэдэг бодлого байхгүйн нотолгоо.

Төсөлд нам бүр нэг л данстай байхаар зааж өгчээ. Өнөөдөр намыг тойроод байгуулагдсан бүтэц болгон нь тус бүртээ данстай. Хэн хэчнээн төгрөгийн хандив өгдөг нь нууц. Тэр хэрээр хар сэр төрүүлж, “Нам мөнгөний газар болж хувирсан” гэх үгэнд ч ороогдох болсон. Дээр нь сонгуульд нэр дэвшигч нь намдаа хандив өгдөг. Одоо тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөөр заажээ. Нэгдүгээрт, нам нь төсвөөс санхүүжинэ. Төсвөөс санхүүжилт өгсөн байтал хэн нэгнээс хандив, тусламж авсан бол түүнийг нь улсын орлого болгоно. Мөнгөтэй нь төрд орж ирж эрх мэдлийг барьцаалдагыг хязгаарлах санаа. Харин намууд нь төсвөөс олгосон санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг бодлого боловсруулах судалгаандаа зарцуулах бол мөн дээрх хэмжээтэй тэнцэх хөрөнгийг гишүүдийнхээ боловсролыг дээшлүүлэхэд тус бүр зарцуулах аж.

Мөн нам болгон жил бүр санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгнө. Санхүү нь мөн “Шилэн” болно. Хуудуутай тайлан гаргавал тухайн намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх хүртэл хариуцлага ярина. Намыг татан буулгах бас нэг үндэслэл нь Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулбал. Үндсэн хуулиа мөрддөг нам ховордсон. Өөр, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарлах тохиолдол цөөнгүй. Энэ асуудлыг дээрх хуулиар намын үйл ажиллагаатай холбож өгчээ.

Гуравт, намын төрийн үйл ажиллагаанд оролцох заагийг ялгаж өгсөн. Тухайлбал, өнөөдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхий сайдыг томилох асуудлыг намын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, цаашлаад Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцдэг. Дээрх төслөөр зөвхөн УИХ дахь намын бүлэг л хэлэлцэнэ. Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д оруулж ирнэ. Одоогийн хуулиар намын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, бүлгээр ярилцдаг. Үүнээс болж, сайдын суудлыг фракцилаад л хуваагаад авчихдаг.

Улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай олон жил ярьж ирсэн. Энэ асуудал төсөлд дараах байдлаар тусаад байна. Нам нь дэмжигч гишүүнтэй байж болно, ийм тохиолдолд ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин гишүүн нь болсон бол татвараа төлнө, мөн тодорхой үүргүүдээ хүлээнэ. Тухайн намдаа л жинхэнэ гишүүн нь байна гэсэн үг. Одоо бол 3-4 намын батлахтай хүн олширсон. Дээр нь сонгууль дөхөнгүүт нам бүр гишүүн элсүүлэх аян зарладаг. Нэг өдрийн дотор 1206-гаар нь элсүүлсэн тохиолдол өмнөх УИХ-ын сонгуулиар гарч л байсан. Намд элссэн гишүүддээ мөнгө өгсөн тухай яриа хоолны хачир болоод л өнгөрч байсан удаатай. Ингэж хатуу заалт оруулсан нь нам нь иргэнээ гишүүнчлэлээр нь барьцаалдаг, гишүүн нь эргээд намаа барьцаалдаг аалзны тор үгүй болох юм. Ингэхгүй бол улс төрийн нам нь олон мянган гишүүнээ тогтоон барихын тулд төрийн албанд байршуулдаг. Тэнд мэдлэгтэй, чадвартай нь гэхээс илүү намын гишүүн нь илүү тогтож амьдарч байна. Сонгуулийн циклийг дагаж амьдардаг гэх үү дээ. Тэр хэрээр төрийн ажил унаж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Одоо энэ бүхнийг УИХ-д суудалтай намууд хүлээн зөвшөөрч, Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх цаг нь болсон. Дараагийн парламентын хийх ажил хэмээн хойш тавьсаар байвал цаг л алдана.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна