Хойд Солонгосын алдартай анкор эмээ эргэн ирэв

2016 оны 1 сарын 11

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсанаа зарласан. Хойд Солонгосын телевизээр энэхүү мэдээг тус улсын нэртэй анкор Ри Чун Хи уншин сонсгожээ. Ри Чун Хи бол Хойд Солонгосын телевизийн од. Тэрбээр хамгийн чухал, ноцтой мэдээллийг хүргэдэг, мэдээллээ сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр уншдагаараа алдартай.

Нэг хэсэг үзэгдэхээ байсан Ри Чун Хи ийнхүү дахин дэлгэцнээ гарч ирэв. CNN үүнийг “тоталитар дэглэмийн хүчирхэг эмээ эргэн ирлээ” хэмээн бичлээ. Ри Чун Хи 1943 онд төрсөн, 1971 онд телевизэд ажилд орохоосоо өмнө жүжигчний мэргэжлээр суралцсан. Түүнээс хойш бараг 40 гаруй жил телевизэд ажиллажээ. “Ард түмний хөтлөгч” гэж алдаршсан тэрбээр хамгийн чухал мэдээнүүдийг уншиж хүргэдэг. Баяр ёслолын мэдээг ч, үхэл хагацлын мэдээг ч тэр “амилуулж” чаддаг. Хойд Солонгосын аугаа удирдагч Ким Ир Сений таалал төгссөн тухай шуурхай мэдээг 1994 онд тэрбээр эфирт явж байсан нэвтрүүлгийн дундуур орж ирэн уншсан бөгөөд ингэхдээ эфирт уйлж байжээ. Мөн хойд солонгосчуудын хоёр дахь удирдагч Ким Ир Сений хүү, одоогийн удирдагч Ким Чен Уны аав Ким Чен Ирийн таалал төгссөн мэдээг 2011 онд уйлан хайлан уншиж байв.

2012 онд 69 насандаа тэрбээр “одоо амрах цаг боллоо” гэсэн ярилцлагыг Хятадын CCTV-д өгчээ. “Залуу, сайхан эмэгтэй анкорууд их болжээ, үзэгчдийн өмнө тэд гарах нь илүү зохистой” гэж Ри Чун Хи хэмээн ярьсан. Энэ ярилцлагынхаа үеэр тэр телевизийн хөтлөгчид уншиж буй мэдээнийхээ сэдвээс хамаарч дуу хоолойнхоо өнгийг өөрчлөх нь зөв гэж боддог тухайгаа ярьжээ. Тухайбал, “Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улс гэсэн улсын албан ёсны нэрийг чангаар хашгирч байгаа мэт гэхдээ үзэгчдэд сонсголонтойгоор унших ёстой. Харин Цагаан сарын мэндчилгээг маш зөөлөн, найрсаг өнгөөр унших учиртай” хэмээн ярьсан байдаг.

Харин Хойд Солонгосыг судлаач барууны зарим хүн түүнийг шүүмжилдэг. “Түүний дуу хоолой үзэн ядалтаар дүүрэн сонсогддог. Энэ дуу хоолой над Жорж Оруэлийн “1984” зохиолыг санагдуулдаг” хэмээн Өмнөд Солонгосын Бусаны их сургуулийн судлаач Брайн Майер өөр хэвлэлд ярьсаныг CNN эшилсэн байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна