“Херо”-гоос алдагдсан материалууд

2016 оны 1 сарын 11

Амралтын өдөр бүр нийгмийн сүлжээ сенсаацтай байдаг болоод удаж байна. Ийнхүү давтамжтай байгаа нь санамсаргүй юу, санаатай юу гэдэг асуултыг эрхгүй төрүүлж байгааг нуух юун.

Энэ амралтын өдрүүдийн сошиал сенсаац нь “Херо” энтертайнмэнт студиэс эрхлэн бэлтгэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар материал алдагдан сошиалаар тарсан явдал байлаа. Гэхдээ тэдний хийсэн олон нэвтрүүлгээс Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хар материал алдагдсан. Хар материал алдагдсаныг “Херо”-гийнхон өөрсдөө нотолж, сэрэмжлүүлгийг зарим сайтад өчигдөр байршуулсан. Уг сэрэмжлүүлэгт “Монгол тулгатны 100 эрхэм”, “Чухал 100 сэдэв”, “Монгол Тулгатны 100 дуу”, “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” нэвтрүүлгүүдээр үзэгч олон түмэнд танил болсон ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ студийн оюуны өмч болох нэвтрүүлгүүдийн дүрс бичлэг болон бусад материалууд хулгайд алдагдсан тул оюуны өмчөөр хамгаалагдсан дээрх дүрс бичлэг, материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлэх, түгээх, цацах, бусдын хүртээл болгох зэрэг үйлдэл гаргахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Хуулиар хамгаалагдсан оюуны өмчийн асуудалд анхааралтай хандаж, хууль бус үйлдэл гаргах талаар санал тавьсан, хүсэлт гаргасан, ятгасан, санаачилсан аливаа үйлдлийн талаар ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ студийн Info@hero.mn email хаягаар; 9444-5045, 8800-5045, 8801-2502 дугаар утсаар тухай бүр нь мэдэгдэж байхыг хүсч байна” хэмээжээ.

Мөн “Херо” студи өнөөдөр энэ асуудлаар өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Алдагдсан материалыг хэсэгчлэн тасалж цуврал байдлаар сошиалаар цацсан бөгөөд эдгээр видеогоо “Ил товчоо” нэртэй фэйсбуукийн пэйжээр түгээсэн. Монголын олон улстөрчийн талаарх зочин Н.Энхбаяр төдийгүй, зочны эхнэр О.Цолмон, мөн хөтлөгч Б.Лхагвасүрэн, П.Анужин нарын байр суурь, дүгнэлтүүд энэхүү видеогоор цацагдлаа. Нэн ялангуяа эхнэр О.Цолмонгийн яриа хэт задгай байсан талаар үзсэн хүмүүс хангалттай сэтгэгдлээ хуваалцсан. Мөн хөтлөгч П.Анужингийн МАН-ын хурлын талаарх мэдээллүүд, мөн тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа, “Херо” студийн захирал Баатар Ц.Элбэгдоржоос бусдаас нь “юм авсан” зэрэг баримтуудыг олон хүн сонирхон үзсэн бизээ.

“Херо”-гоос өмнө нь ч бас хар материал алдагдаж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хайрцган дээр гишгэж байгаад моринд мордож байгаа зураг алдагдан сошиалаар тарж байсан билээ.

А.ШАРАВ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна