Чандарласнаар алдсан уу?

2016 оны 1 сарын 11

Чинад орхин одогсдыг чандарлахын сайн саар талыг сүүлийн үед хөндөн бичих болжээ. Өтгөс, өвгөдөө үддэг хорвоогийн жамыг тойрох боломжгүйн хэрээр орхин одогсдыг оршоох зан үйл өргөжсөөр, түүнийг дагасан бизнес чимээгүйхэн хөгжсөөр байна. Ямар ч сурталчилгаагүй, сурталчлах ч эрхгүй оршуулгын үйлчилгээний өнөөгийн байдал хийгээд үгүйлэгдэж буй орон зайн талаар энд өгүүлэхийг зорилоо.

Чандарласнаас алдсан уу?

Энэ асуултад тийм гэж хариулах хүн надтай л лав тааралдсангүй. Чандарлах үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 12 дахь жилтэйгээ золгож байгаа ч энэ үйлчилгээний талаарх баримт нотолгоо бүхий гомдол санал гарч байгаагүйн дээр байгаль экологид ээл ивээлээ өгснийг зарим эх сурвалж жишээ татан тайлбарлаж байна. Чандарлах үйлдвэрийг анх түрүүн нээсэн “Улаанбаатар буян” компани гэхэд эдүгээ 25 мянган бурхан болоочийн шарилыг чандарлаж, чандрыг нь хадгалж буй ажээ. Ийн чандарлах үйл нэвтрээгүй байсан бол бурхан болоочдын шарил 10 га газрыг эзэлж, 166 машин банзаар өлгий хайрцгийг нь бүтээх байжээ. Энэ бол байгаль экологид гарсан бага биш хэмнэлт. Өнгөрч буй 12 жилд чандарлах зан үйлийг монголчууд технологи болоод зан үйлийн хувьд ямар ч алдаагүй нутагшуулж амжжээ. Тиймээс энэ үйлчилгээ өргөжсөөр өдгөө Улаанбаатар хотод л гэхэд хоёр ч компани хотын зүүн баруун захад төвхнөчихөөд байгаа юм. Дээрх компаниудад хийх ажил мундахгүй их бий. Хотын төвд байрласан хуучны чимээгүй хотуудыг цэгцлэх их ажлыг ирэх жилээс эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Далан давхарт л гэхэд 34 мянган шарил байдаг аж. Тэдгээрийг нүүлгэн чандарлах талаар нэлээд эртнээс ярьж байгаа ч харамсалтай нь ар гэрээс нь холбоо барьсан нь тун цөөн гэнэ.

"Улаанбаатар буян" компаниар үйлчлүүлэгсдийн 90 хувь нь чандрыг тус компанийн чандрын сүмд хадгалуулдаг ажээ. Тэдгээрийн дээр чимээгүй хотын талийгч нарын чандрыг нэмэхээр багтаамж нь хүрэлцэх үү гэсэн асуулт гарах байх. Тэгвэл ойрын зуун жилдээ санаа зоволтгүйг мэргэжилтнүүд амлаж байна. Харин ар гэрийнхнийх нь хувьд чандрыг хэрхэхээ сонгох эрх бий. Чандрыг төрсөн нутаг уул овоо, усанд өргөхийн дээр гэртээ авч харих, тэр бүү хэл гадаад руу аваад гарч болох жишээтэй. Гэтэл саяхны “Цензургүй яриа” нэвтрүүлгээр бурхан болоочдын чандрыг сацад хийж, түүнийгээ барлан үр хүүхдүүдийнх нь тоогоор хувилах боломжтой талаар өгүүлсэн нь шүүмж дагуулаад байна. Олон жилийн туршлагаас харахад монгол хүмүүс оршуулгын зан үйлийг урт хугацаанд сунжруулах хүсэлгүй байдаг ажээ. Гэтэл тэрхүү сацад хийж барлах зан үйлд олон хоног шаардлагатайн дээр үүнийг зарим хүн дэндүү увайгүй бизнес сэтгэлгээгээр хандсан яриа гэж үзэж буй юм.

Оршуулгын дараах сэтгэл засал үгүйлэгдэж байна

Өдгөө дэлхийн олон оронд тэр дундаа барууны орнуудад оршуулгын дараах сэтгэл зүйн заслыг чухалчилдаг болжээ. Ойр дотны хэн нэгэн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг хэнд ч хүндээр тусдаг. Хэдий ах дүүс олуулаа байсан ч аав ээжийгээ, ахан дүүсээ, хань ижил, үр хүүхдээ алдсан хэн бүхэнд газар хатуу, тэнгэр хол санагдаж, ганцаардан гансрах нь бий гэнэ. Тиймээс бурхан болоочдын араас буян хийхийн зэрэгцээ үлдэж хоцрогсдыг нь сэтгэл зүйн хувьд эрүүлжүүлэх шаардлага тулгардаг байна. Бясалгал иог хийлгэх, зөвлөгөө өгөх, аялалд явуулах зэргээр засал хийдэг зан үйл олон оронд бий. Харин манай улсад энэ төрлийн сэтгэл засал одоогоор хөгжөөгүй бөгөөд тэрхүү үүргийг лам нар гүйцэтгэдэг гэхэд хилсдэхгүй.

Хүний сэтгэл гэдэг биеийг захирагч гэсэн үг байдагчлан сэтгэл нь эмтэрсэн хүний бие бүрэн бүтэн байх нь үгүй билээ. Тиймээс хайртай, дотнын хүнээ алдчихаад эмтэрч яваа хүмүүсийг тайвшруулж тайтгаруулах, хойдын буяны талаар бүрэн дүүрэн ойлголт өгөх сэтгэл заслын үйлчилгээ өнөө хэр үгүйлэгдсээр байна. Хамгийн наад зах нь бурхан болоочийн араас хийх буян 49 хоног үргэлжилдгийн учир хийгээд эцгийн оршоосон газрыг таван жил, эхийн газрыг гурван жил эргэдэггүйн цаад жишмийг мэдэхгүй хүн олон байна. Энэ бүхнийг тайлбарлан таниулах үйлийг лам нараас илүүтэй сэтгэл засалчид хийх учиртай санагдана.

Оршуулах хийгээд чандарлах үйлийг хуульчлах нь зөв үү?

Дэлхийн олон оронд чандарлах ёсон бий. Тэдгээрийн дотроос оршуулгын хийгээд чандарлах үйлчилгээг хуульчилсан орны тоонд Хятад, Австрали, Япон зэрэг орон багтдаг ажээ. Харин манайд хууль хэрэгтэй юү, хуульчилснаар ямар харилцааг зохицуулах вэ гэсэн асуултыг "Улаанбаатар буян" компанийн зөвлөх А.Эрдэнэбатаас асуухад:

-Хуульчлах шаардлагатай гэж бодохгүй байна. Ромын Пап Ион Павел сэрүүн тунгалаг ахуйдаа “Бүгдийг хуульчлах нь соёл иргэншлийг устгаж байна” гэсэн нь бий. Тиймээс байгалийн зөнг зөнгөөр нь үлдээх учиртай юм уу гэж би боддог. Заншил уламжлалаараа цааш үргэлжлэх ёстой зан үйлд оршуулга, чандарлахыг багтаах нь зөв болов уу гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 шахам оршуулгын газар 1000 гаруй га газар нутгийг хамарч байгаагийн дээр 25 мянган айл өрх оршуулгын газартай хаяа залган аж төрж байгаа нь асуудал үүсгэж буй юм. Хуульчлахаа байг гэхэд хот дотор үйлчилдэг орон нутгийн чанартай дүрэм журмаар цэгцлэхгүй бол чимээт хотын дуу шуугиан чимээгүй хотынхныг ч амраахгүй билээ.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна