8,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон

2016 оны 1 сарын 11

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болоод тун удахгүй олгогдож эхлэх таван хувийн ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлээд хэдэн төгрөгийн хөрөнгө ил болсон бэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр 6-7 их наяд төгрөг ил болно гэж харж байсан. Ил болсон хөрөнгө бидний төсөөллөөс давсан. Тодруулбал, ДНБ-ий 30 гаруй хувьтай тэнцүү буюу 8,3 их наяд төгрөг ил болсон. Сүүдрийн эдийн засагт бий болсон энэ хөрөнгийг дагаад авлига, хээл хахууль бий болоод байсан. Одоо энэ бүгд ил гарч байна. Нөгөө талаас хуулийн хэрэгжих хугацааг сунгасан. Яагаад гэвэл НӨАТ-ын хуулиар аливаа этгээд орлого олж байвал татвараа төлөх ёстой гэдэг системд шилжиж байна. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглээгүй, анзаараагүй байсан хүмүүс үлдсэн хугацаанд амжиж тайлангаа тушаах хэрэгтэй.

-ҮХЦ-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай гаргасан шийдвэртэй холбоотой аж ахуй нэгжид ямар нэг хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?

-ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг өргөн утгаар нь авч үзвэл иргэн өөрийнхөө өмчийг захиран зарцуулах эрхийг баталгаажуулсан. Ипотекийн зээлээс хол асуудал. Гэтэл банкууд энэ дуулианыг далимдуулж ипотекийн зээлээ зогсоосон. Нэг үгээр хэлбэл, банкинд ашигтай хэлбэрээр улс төрийн шийдвэр гаргуулах гэсэн тоглолт явж байна гэж харж болно. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх гаргалгаа нь даатгалын байгууллагаар ипотекийн гэрээг даатгуулчих ёстой. Ингэх нь юм бол аль аль талдаа асуудалгүй болох болов уу. Одоо бол таван хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлнэ л гэж байна. Зээлийн хүүгээр улстөрчид тоглолт хийх нь үнэ ханшид сөргөөр нөлөөлж мэдэх юм. 2013 онд найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр байрны үнэ хоёр дахин өссөн байдаг. Одоо тэр өсөлт нь доошоо 10-20 хувийн уналттай л явж байна.

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор орон сууц авах иргэд цөөрсөн шүү дээ. Одоо зарагдаагүй олон мянган байр байна. Тэгсэн ч байрны үнэ өсөх магадлалтай гэж үү?

-Нэг ёсондоо 18-20 мянган байр баригдчихсан байна. Тиймээс хууль санаачлагчид байрны хэрэглээг дэмжих бодлого барих гэж байна. Төр аль нэг талд нь хэт их оролцох юм бол үнэ нэмэгдээд дуусна гэдгийг бодолцох хэрэгтэй.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна