Олимпийн хэдэн эрхтэй вэ?

2016 оны 1 сарын 11

-Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харваа 1 тамирчин эрхээ аваад байгаа бөгөөд дахин эрх нэмэгдэнэ. Үүн дээр жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 12 эрх нэмэгдэх бүрэн боломж байгаагаас гадна бокс, хүндийн өргөлтийн тамирчид “РИО”-г зорих найдвар бий-

Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх 8 дугаар сарын 05-21-ний өдрүүдэд болох билээ. Тэгвэл манай улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд олимпийн наадамд өндөр амжилт үзүүлдэг жүдо, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж, олны анхааралд байлаа. Тэр дундаа улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой байсан юм.

Одоогоор манай баг тамирчдаас чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харваагаас 1 эрх аваад байгаа бол паралимпийн 5 тамирчин Риог зорих эрхтэй болоод байна.

Ингээд манай улс Рио де Жанейрод болох олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчид болон цаашид хэдэн эрх авах боломжтой байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар манай баг тамирчдаас чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харваагаас 1 эрх аваад байгаа бол паралимптийн 5 тамирчин Риог зорих эрхтэй болоод байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг 2015 оны 4 дүгээр сард буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны төрөлд түрүүлснээр авчирч байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд энэ оны эхэнд марафоны гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг дахин баталгажуулсан.

"РИО-2016"-ын эрхээ аваад байгаа тамирчид.

Чөлөөт бөх: (эрэгтэй 4, эмэгтэй 2. Улсдаа эрхээ авчирсан тамирчид)

  • Гавьяат тамирчин Г.Мандахнаран(65 кг), П.Өнөрбат(74 кг), Э.Бэхбаяр(57 кг), ОУХМ Ж.Чулуунбат (125 кг)
  • Гавьяат тамирчин С.Батцэцэг(63 кг), О.Насанбурмаа (69 кг)

Буудлага: (эмэгтэй 3)

  • Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу)

Хөнгөнатлетик-марафон (эрэгтэй 2, эмэгтэй 2)

  • Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ, Д.Гантулга
  • ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ Б.Мөнхзаяа

Байт харваа (эрэгтэй 1)

  • Ж.Гантөгс нар эрхээ аваад байна.

Жүдо бөхийн баг тамирчид 1 дүгээр сарын сүүлээр Европ тивд болох олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцож эхэлнэ. “Лондон-2012” олимпийн наадамд эрэгтэй 4, эмэгтэй 5 тамирчин оролцож байсан шигшээ багийн хувьд “Бразиль-2016” бүтэн багаараа оролцох боломжтой. Жүдо бөхийн олимпод оролцох тамирчдын нэрс ирэх 6 дугаар сард тодорхой болох юм.

ОДОО ХЭДЭН ЭРХ НЭМЭГДЭЖ, ХИЧНЭЭН ЭРХИЙН ТЭМЦЭЭН БОЛОХ ВЭ?

НЭМЭЛТ ЭРХ:

Энэ сараас эхлэн манай баг тамирчид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Хамгийн эхний тэмцээнийг буудлагын тамирчид энэ сард эхлүүлэх гэж байна. Ингээд дахин эрх авах боломжтой тэмцээний мэдээллийг хүргэж байна.

БУУДЛАГА: (Одоогоор 3 эрхтэй бөгөөд сүүлийн эрхийн тэмцээнд энэ сард оролцоно.)

Энэ сарын сүүлээр буудлагын баг тамирчдын хувьд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцоно. Энэтхэгийн Дели хотноо болох Ази тивийн сүүлийн эрхийн тэмцээн 1 дүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болно. Энэхүү тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй баг бүтэн багаараа оролцох бөгөөд дасгалаасаа хамаараад 1-2 эрх өгнө.

  1. I.25-II.02 Энэтхэгийн Дели – Азийн тивийн сүүлийн эрхийн тэмцээн

ЧӨЛӨӨТ БӨХ: (Одоогоор эрэгтэй 4, эмэгтэй 2 эрхтэй)

“Лондон-2012” олимпийн наадамд эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцож байсан чөлөөтийнхөн одоогоор 6 эрхтэй байна. Тэдний хувьд одоо олимпийн эрх олгох хоёр тэмцээнд оролцоно.

  1. 3 сард Казахстанд болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн
  2. 4 сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн хүлээж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УАШТ-ээ зохион байгуулсан чөлөөт бөхийн холбоо олимпийн үлдсэн 6 эрхийг авахын төлөө хүчин зүтгэж байна.

Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас одоогоор чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харвааны 1 тамирчин эрхээ аваад байгаа бөгөөд дахин эрх нэмэгдэнэ. Үүн дээр жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 12 эрх нэмэгдэх бүрэн боломж байгаа бөгөөд бокс, хүндийн өргөлтийн тамирчид “РИО”-г зорих найдвар бий.

МАРАФОН: (Одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин эрхийн нормативыг биелүүлсэн бөгөөд дахин 2 тамирчин нэмэгдэх боломжтой.)

Олимпийн наадамд хөнгөн атлетикийн эрэгтэй 24, эмэгтэй 23 төрөлд тамирчид өрсөлдөнө. Эдгээр төрлүүдээс марафон буюу 42 км 195 метр замыг туулах зайд манай тамирчид оролцох боломжтой байдаг. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпийн наадмын марафон төрөлд цагаан хуудсаар оролцож, анхдагч болж байсан түүх хэдийнэ түүх болон үлджээ. Өдгөө манай тамирчид олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлэн оролцдог болсон. Одоогоор “РИО-2016” олимпийн наадмын марафоны төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар эрхийн нормативыг биелүүлэн, дахин баталгаалжуулаад байна. Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй гурван тамирчин олимпийн наадамд оролцох бүрэн боломжтой бөгөөд манай улсаас энэхүү эрхийг дахин нэмэх боломж байгаа. Учир нь ирэх 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл олимпийн эрхийн тэмцээнүүд явагдана. Эрхийн нормативыг биелүүлсэн дээрх тамирчдын хувьд олимпийн наадмаас өмнө 2-3 сорилт гүйлтийг хийх бөгөөд тухайн үед ямар тэмцээнд оролцохыг Монголын хөнгөн атлетикийн холбооноос гаргах юм байна. Тиймээс марафоны тамирчдын хувьд одоо байгаа 4 эрхийг 6 болгох боломж нээлттэй байна.

БОКС: (Одоогоор эрх аваагүй ч эрхийн гурван тэмцээн хүлээж байна.)

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэмд тивийн аваргад эхний долоод орсон тамирчид ДАШТ-д оролцох болзолтой байсан. Ингээд өнгөрсөн онд Тайваньд болсон Ази тивийн АШТ-д манай дөрвөн тамирчин дээрх эрхийг хангасан юм. Улмаар “Доха-2015” ДАШТ-д дээрх тамирчид оролцсоноос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай нар хүрэл медалийн төлөө тоглож, ялагдан олимпийн эрхээс мултарсан.

Тэгвэл одоо манай боксын эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг дараах тэмцээнүүд хүлээж байна.

  1. 3 дугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Чянь-Ань хотод болох Азийн болон далайн бүсийн орнуудын тэмцээн. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд жин тус бүрийн эхний 2-т орсон тамирчид.
  2. 5 сард Казахстан улсад болох эмэгтэйчүүдийн ДАШТ. Тус тэмцээний жин тус бүрийн эхний дөрөвт орсон тамирчид,
  3. 6 сарын эхээр Азарбайжаны нийслэл Бакуд болох Олон улсын тэмцээн. Эрэгтэй боксчдын хувьд сүүлийн олимпийн эрх авах тэмцээн бөгөөд жин тус бүрийн эхний хоёрт орсон тамирчид “РИО-2016”-д оролцох боломж нээгдэнэ.

Эндээс харахад боксын эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын хувьд олимпийн эрх авах бүрэн боломж байгааг харуулж байна.

ХҮНДИЙН ӨРГӨЛТ: (Одоогоор эрх аваагүй ч эрхийн нэг тэмцээн хүлээж байна.)

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч оны сүүлээр болсон. Олимпийн эрх олгох тэмцээнд 100 гаруй орны 740 орчим баг тамирчид өрсөлдсөнөөс манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон. Олон улсын хүндийн өргөлтийн холбооны шинэчилсэн дүрмээр ДАШТ-д ганцаарчилсан амжилтыг үл харгалзан багийн амжилтын оноог нэгтгэж олимпийн эрхийг олгодог болсон. Энэхүү дүрмийн дагуу олимпийн 1 эрх авах боломжтой байсан эмэгтэй баг 58 улсаас 31-р байрт жагсаж, болзлыг биелүүлж чадаагүй юм. Манай баг 25-р байраас дотогш орсон тохиолдолд олимпийн 1 эрхтэй ирэх байсан. Хэдийгээр эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 243 кг-г өргөж, 43 тамирчнаас VIII байрт орсон ч бусад тамирчдын хувьд оноо авах хангалттай амжилтыг үзүүлж чадаагүй юм.

Гэхдээ одоо хүндийн өргөлтийн тамирчдын хувьд ДАХИН НЭГ боломж бий. Ирэх дөрөвдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент хотноо болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй баг олимпийн нэг эрхийг авах боломжтой. Учир нь өнгөрсөн оны ДАШТ-ээс Азийн 14 орон олимпийн эрхээ авсны дотор БНХАУ, БНАСАУ, Казахтсан, Тайланд улсын баг бүтэн багаараа “РИО”-г зорих боломжтой болсон юм. Тиймээс манай баг тамирчдын хувьд Ташкентад болох тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 эрх авах боломж байгаа.

Ийнхүү Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас одоогоор чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 4, буудлага 3, байт харвааны 1 тамирчин эрхээ аваад байгаа бөгөөд дахин эрх нэмэгдэнэ. Үүн дээр жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 12 эрх нэмэгдэх бүрэн боломж байгаа бөгөөд бокс, хүндийн өргөлтийн тамирчид “РИО”-г зорих найдвар бий.

Мөн Рио де Жанейро хотноо IX дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд паралимп болох бөгөөд манай улсаас одоогоор дараах тамирчид эрхээ авчээ.

Пара байт харваа: “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр

Пара буудлага: спортын мастер З.Ганбаатар (50 метрийн сонгомол гар буу)

Пара хөнгөн атлетик: ОУХМ С.Цогтгэрэл (зээрэгцэг шидэлт)

Пара пауэрлифтинг: ОУХМ Э.Содномпилжээ нар тус тус эрхээ аваад байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна