Хойд Солонгосын амбиц түгшүүр төрүүлж байна

2016 оны 1 сарын 11

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төрсөн өдрийн бэлгэндээ устөрөгчийн бөмбөг авлаа. “Америкийн импералистуудын түрэмгийллээс хамгаалахын тулд устөрөгчийн бөмбөг туршлаа” хэмээн Хойд Солонгос мэдэгдэж байгаа юм.

 

Нэгдүгээр сарын 6-нд Хойд Солонгос Пунгарийн туршилтын талбайдаа цөмийн цэнэгийн газар доорх туршилт хийсэн нь дэлхий нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. НҮБ уг туршилтыг буруутгаж Хойд Солонгосын эсрэг шинэ тогтоолыг гаргахаар бэлтгэж байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг үгүйсгэсэн хэрэг” гэж Европын хамтын ажиллагаа, Аюулгүй байдлын байгууллага дүгнэв.

 

Өмнөд Солонгос уг туршилтын дараа Хойд Солонгос руу хийдэг ухуулгын ажлаа эхлүүлж, хилийн ойролцоо цэргийн хүчээ татлаа. Кимийн амбицийг “том өдөөн хатгалт” гэж АНУ нэрлээд Солонгосын хойгийн дээгүүр стратегийн бөмбөгдөгч В-52 онгоцоо нисгэлээ. АНУ “Хойд Солонгосыг цөмийн гүрэн гэж үзэхгүйгээ” гэдгээ хэлээд Өмнөд Солонгост стратегийн хүчин байрлуулах талаар тохиролцож эхэллээ.

 

Ким Чен Уны энэ алхам зөвхөн Солонгосын хойгийн төдийгүй зүүн Азийн аюулгүй байдалд том занал учруулан хойгийн байдлыг эрс хурцатгав.

 

Ер нь бол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр гурван зорилготой гэж болох юм. Пхеньян нь АНУ-ын зүгээс халдана гэсэн айдасдаа итгэдэг. Техникийн өндөр хөгжилтэй, баян Өмнөд Солонгостой дайны байдалд байдаг учраас хамгаалалтын сайн хэрэгсэл нь цөмийн бөмбөг гэж хойдууд үзэж байгаа. Хоёрт, байгуулагдснаасаа хойш үе залгамжлан удирдаж ирсэн Кимийнхэнд Саддам Хусейн, Мауммар Кадафф нар шиг амьдралаа дуусгах вий гэсэн айдас үргэлж байгаа. Гуравдугаарт түүний дайснууд нь ердийн зэвсгээр хамаагүй хүч давуу байгаа учир дайснуудаа зөвхөн цөмийн зэвсгээр нөхөж болно гэсэн зорилготой нь ойлгомжтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна