Зах зээлийн донсолгоо

2016 оны 1 сарын 11

Шинэ оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 4-нд нээгдсэн биржийн арилжааны эхний долоо хоног дэлхийн олон оронд биржийн савалгаа үүсгэлээ. АНУ-ын уналт нь 119 жилийн түүхэнд байгаагүй тохиолдол байлаа. АНУ-ын гол үзүүлэлтийг харуулдаг Dow Jones индекс арилжааны эхний дөрөв хоногийн дотор таван хувиар унав. АНУ-ын хамгийн үнэтэй 500 корпорацийг багтаасан индекс болох S&P 500 нь 4,9 хувийн уналаа. Энэ нь уг индексийг гаргаж эхэлсэн 1928 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт боллоо.

Өндөр технологийн компаниудын үнэт цаас арилжаалдаг NASDAQ биржийн уналт зургаан хувьтай байгаа нь 2000 оноос хойших бас л хамгийн муу үзүүлэлт болж байна. Эцэст нь Morgan Stanley тусгайлан гаргаж дэлхийн хөрөнгийн зах зээлийн байдлыг харуулдаг индекс MSCI World 5,2 хувиар унажээ. Ерөнхийдөө энэ хугацаанд дэлхийн зах зээл 2,5 их наяд ам.доллараа алджээ.

Зах зээлийн савалгааны буруутан нь Хятад боллоо. Хятадын Ардын банк оны эхнээс юанийн ханшаа буулгах өргөн цар хүрээтэйгээр ажиллав. Доллартай харьцуулахад юанийн ханш сүүлийн дөрөв гаруй жилд хамгийн бага 6,5646 гэсэн үзүүлэлтийг харуулсан юм. Юанийн ийнхүү суларсаныг Хятадын эдийн засгийн суларсан гэсэн үг хэмээн зах зээл хүлээн авлаа. Хөрөнгө оруулагчид зугтаж буйг хараад Бээжин мөнгөний ханшаа 0,02 хувиар нэмэгдүүлсэн юм.

Мөнгөний ханшны сулралтай нь зэрэгцээд Хятадын хөрөнгийн бирж бас уналаа. Гол индекс болох Shanghai Composite нэгдүгээр сарын 4-нд 6,85 хувиар, 7-нд 7,3 хувиар тус тус унан арилжааг автоматаар хааж байлаа. Зах зээлийн савалгааны бас нэг хүчин зүйл нь Хятадын валютын нөөц зөвхөн арванхоёрдугаар сард 108 тэрбум ам.доллараар, бүтэн жилд 513 тэрбум ам.доллараар хорогдсон Ардын банкны мэдээ болсон юм.

Хятадын ДНБ-ий өсөлт өнгөрсөн оны гуравдугаар сард 6,9 хувь хүртэл буусан байв. Хятадын зах зээлээс одоо зөвхөн таагүй мэдээ л ирж байна. Хөөс хагарч байна. Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийг хэтэрхий өндрөөр үнэлээд их мөнгө оруулсан нь одоо урсан гарч байна.

Хятад нь дэлхийн бараа бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч юм. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай нягт интеграцчлагдсан байгаа. Бээжин Вашингтонтой эдийн засгийн сайн харилцаатай. Тиймээс юанийн болон Хятадын гол индексийн уналт нь шууд АНуын хөрөнгийн зах зээлд цохилт болдог. Ер нь дэлхийн эдийн засагт ч ялгаагүй.

Нефтийн үнэ одоо баррель нь 30 ам.доллар болсон нь бас л хар алтны томоохон хэрэглэгч Хятадтай холбоотой. Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь нефтийн эрэлтийг буулган үнийг нурааж байна.

Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн хөрөнгийн биржийн уналтын улмаас 2008 оны санхүүгийн хямрал давтагдах аюул нүүрлэлээ гэж Жорж Сорос хэллээ. Шинэ хямралыг “үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын эдийн засгаа үйлчилгээ, хэрэглээний шинэ загварт оруулахыг оролдож байгаа” Хятад л гаргах болов уу.

Шинэ жилийн амралтын хоногууд нь өнгөрсөн долоо хоногт үргэлжилсэн ОХУ-ын биржүүд харин энэ савалгаанд өртсөнгүй. Гэхдээ нефтийн үнэ унаж байгаа учраас өнөөдөр арилжаа нь эхлэх Оросын зах зээлд рублийг сулруулах нь ойлгомжтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна