Туркт энгийн 162 иргэн амь үрэгджээ

2016 оны 1 сарын 11

 

Өнгөрсөн наймдугаар сараас хойш курдын зэвсэгт дайчдын эсрэг тэмцэл тулаанд 162 энгийн иргэн Туркт амь үрэгдсэн болохыг хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Туркийн хүний эрхийн сангаас мэдээлснээр курдын зэвсэгт дайчидтай хийж буй тулаанд 32 хүүхэд, 29 эмэгтэй, 24 өндөр настан амь үрэгдсэн аж.

 

Туркийн Засгийн газар болон Курдын Ажилчдын намын хооронд байгуулсан гал зогсоох гэрээ өнгөрсөн долдугаар сард зөрчигдсөнөөр зөрчил тулаан дахин эхэлсэн юм. Туркийн Засгийн газраас курдууд оршин суудаг бүс нутагт хөл хорио тогтоож, зэвсэгт дайчдын эсрэг цэрэг, цагдаагийн ажиллагааг явуулж байгаа юм. Туркийн засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сараас хойш курдын 426 зэвсэгт дайчныг устгасан гэнэ.

 

Курдууд оршин суудаг бүс нутгийг тусгаар тогтнуулахын төлөө Курдын Ажилчдын нам 1984 оноос хойш Туркийн Засгийн газартай тэмцэж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна