“Долоон түмэн настай Довон хар бөх” тууль хайлав

2016 оны 1 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор өнгөрсөн жилээс өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм.

Өнөөдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 9, билгийн тооллын өвлийн дунд сарын битүүний Цагаан бар өдөр Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж Их хөлгөн тууль болох “Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг бүрэн эхээр нь хайллаа. Туульсийг догшин болон зөөлөн гэж ангилдаг ажээ.

Эртний монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол олны ажил үйлс, хувь заяаны заслыг хийдэг байжээ. “Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг хайлснаар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг домтой ажээ. Түүнийг тасралтгүй хайлахад бараг 24 цаг болдог, туульч Авирмэдийн Балдандорж уг туулийг бага үдийн 11.00 цагаас эхлэн шөнө дунд болтол хайлсан юм.

Тууль хайлахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон өв соёл судлаач эрдэмтэд, урлагийнхан, үндэсний урлагаа дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцов.

Тууль хайлах ёслолыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Хүндэт зочид, хатагтай, ноёд оо.

Монголчууд эрт дээр үеэс их туульчийг урин залж ажил үйлс, амьдрал, нүүдэл суудал, тэр жилийн дүн нуруугаа даатгаж тууль хайлуулдаг аугаа уламжлалтай ард түмэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө Монголын ард түмний түүхийг үнэн болгох, бүтэн болгох, соёл урлаг, ардын язгуур урлаг, соёлын биет болон биет бус өвийг сэргээх талаар анхаарч тусгаж ирсэн.

Өнгөрсөн онд Монголын эх түүхийн 7 ботийг эх хувиар нь монгол бичиг, кирил үсгээр хэвлүүлснээс гадна дуу бичлэгт оруулан СD гаргасан. Мөн өнгөрсөн оны сүүлээр Монгол хэлний цахим тайлбар толийн нээлтийг хийсэн. Цагаан сарын үеэр Монгол хэлний цахим тайлбар толийн гар утсан дээр хэрэглэх аппликэйшн программтай болох гэж байна.

Өнөөдөр бид энд Монголын ард түмний соёлын өв уламжлалыг сэргээх зорилгоор хоёр дахь жилдээ их хөлгөн тууль хайлах арга хэмжээнд оролцож байна. Туульс гэдэг үнэхээрийн аугаа зүйл. Үүнд гүн ухаан, урлаг утга зохиол, соёл, урлагийн олон нийлмэл зүйл багтдаг. Туульст гардаг баатрын тухай гэхэд л “Гараад, ган дөрөөндөө дөрөөлөөд, төр улсаа эзэмшээд, төрөөд, төлжөөд, төр улсаа байгуулсан” гээд дөрвөн мөртийг уншихад хүн төрөлхтний үүсэл хөгжил, мал сүрэгтэй болсон, гал эзэмшсэн, газар шороондоо эзэн суусан, төр улсаа байгуулсан энэ үйл явдлыг уран сайхны аргаар, гүн гүнзгий утга агуулгатайгаар илэрхийлсэн байдаг. Тийм учраас туульсийг сэргээх тал дээр их анхаарах байгаа.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж туульч А.Балдандоржийг төрийн дээд одон-Алтангадас одонгоор шагнасан. Монгол туульсийн анхдугаар их наадам хийсэн. Энэ жил сар шинийн баярын өмнө монголчууд их хөлгөн туульсаа хайлж, Монгол түмнийхээ сонорыг мялааж, ирэх он, жилүүдийн ажил үйлсийг нь засах ёслол болж байна. Энэ арга хэмжээг дэмжиж байгаа БСШУЯ, Монголын язгуур урлагийн төлөө санаа тавьж, сэтгэл гаргаж байдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, ард түмнийхээ соёлын өвийг тээгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч уржигдар Төрийн одон, медалийн тухай хуулийн төслийг танилцуулсан. Энэ хуулийн төсөлд зааснаар Улсын эрдэнэ гэсэн төрийн дээд одон гаргахаар тусгасан. Монголын соёлыг тээж явдаг хувьхүнд олгох ийм цоо шинэ, одоогийнхоор бол Ардын цолыг орлохоор ийм шагнал бий болгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Энэ боломжийг ашиглаад та бүхэнд, нийт монголчууддаа, мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа сар шинэдээ сайхан шинэлээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

“Нүүдлийн соёл иргэншилт монголчуудын бий болгосон, дэлхийн хүн төрөлхтний соёлын биет бус соёлын өвийн нэг хэлбэр, их хөлгөн туулийг бүрэн эхээр нь сонсох, мэдэх, мэдрэх боломж өнөөдөр тохиож байна. Монгол их хөлгөн туульсийг хайлахад баримтлах зан үйлийг баримтлах, өвлөн уламжлуулах, нийтийн хүртээл болгох, туульсаас суралцах, эх түүхээ эргэн харах, түүхэн үйл явдлыг тодруулах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх олон шаардлага бидний өмнө тулгарч байгаа билээ.

Ахуй, амьдрал, хэрэглээний олон зүйлсийг нялх ахуй цагаасаа бичиж тэмдэглэх бус, аман байдлаар цээжлэн тогтоож, оюуны их хүчийг олдог монгол уламжлалын нэг тод жишээ нь тууль юм. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг ойлгохын тулд туулийг анхааралтай судлах нь зүйтэй. Урлагийн бүтээлээс төрөн гарсан сэтгэхүйн нууцаа туулиас хайх ёстой. Тиймээс урлагийн шилдэг бүтээлүүдийг хадгалдаг музейн зүгээс туулийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм” гэдгийг уг арга хэмжээг зохион байгуулагчид хэлж байлаа.

Тууль хайлахын өмнө “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж, туулийн бүлэг бүрийн завсраар ардын бий биелгээ, морин хуурын татлага, цуур, хөөмэйн үзүүлбэр үзүүлэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна