“Чингис хаан бол манай үндэсний баатар”

2016 оны 1 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад хийсэн айлчлалынхаа үеэр Францын “Фигаро” сонинд дараах ярилцлагыг өгчээ. Монгол Улсын хөрш хоёр улс-Хятад, Оростой хөгжүүлж буй харилцаа хийгээд эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн өв уламжлалынхаа талаар ярьсан байна.Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ярилцлагыг Ален Барлүэ хийжээ.

“Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг.”

1963 онд монгол малчны гэр бүлд мэндэлсэн, Колорадогийн Их сургууль, Жон Ф.Кеннедигийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэж, парламентын гишүүн, Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан ноён Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд анх сонгогдож, 2013 онд улиран сонгогдсон байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр 1990 онд энэхүү тал нутгийн улсад коммунизмыг унагааж чадсан ардчилсан хөдөлгөөний гол зохион байгуулагчдын нэг нь юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр Франц Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Бага хуралд оролцохоор дахин айлчилсан билээ. Их эзэн Чингис Хааны (1162-1227)үеэс хойш 800 гаруй жил өнгөрсөн хэдий ч Монгол Улс өдийг хүртэл Өрнө, Дорно ертөнцийн аль алиныг нь анхааралтай ажигласаар байгаа талаар тэрээр ийнхүү ярив.

Лө Фигаро: Та СОР21 хуралд оролцсон. Уур амьсгалын асуудлаарх энэхүү олон улсын хурлын үр дүнд гарсан хэлэлцээрийн талаарх таны бодол?

Цахиагийн Элбэгдорж: Манай улсад намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, бодлогыг маань НҮБ-аас өндрөөр үнэлж, шагнал хүртээж байсан. Манай улс болон миний бие энэхүү үйл хэрэгт ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг цөлжилт, ган, хуурайшилтад нэрвэгдэжбайна. Үүнээс үүдэж хөдөө аж ахуй, нүүдэлчин малчдын амьдрал ахуй доройтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монголын нүүдэлчин малчид ямар ч эрдэмтдээс илүү мэргэжилтэн болсон. Жилээс жилд нөхцөл байдал улам доройтсоор байгаа талаар манай малчид хэлж байна. Копенгагены уулзалтаар дэлхийн улс орнууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй ч үүнээс хойш бүх нийтийг хамарсан хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн байр сууриа би чанд баримталсаар ирсэн. Энэ удаа, Парисын Бага хурлын үеэр бид тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс сэтгэл хангалуун байна.

Хэдхэн долоо хоногийн өмнө Та Франц Улсад Төрийн айлчлал хийсэн. Энэ нь арваннэгдүгээр сарын 13-ны халдлагын маргааш өдөр нь...

Миний айлчлал арваннэгдүгээр сарын 14-нд эхэлсэн. Халдлагын дараа Элизейн ордонд хүлээн авсан анхны гадаад орны Төрийн тэргүүн нь болсон. Монгол Улсын эв нэгдлийг Францын ард түмэнд илэрхийлэхээр Батакланд очиж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн. Бидний харилцаанд маш үр өгөөжтэй энэхүү айлчлалыг ярьж тохирсоны дагуу хүлээн авч, хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Франсуа Олландад гүнээ талархаж байна. Ийм хүнд цаг үед намайг элгэмсэг дотно хүлээн авсныг би хэзээ ч мартахгүй. Монгол, Францын харилцаа олон зууны түүхтэй. Гоо Филипп хааны үед манай хаанаас Францын хаанд хандаж захиа илгээж, тэрхүү захиандаа бидний өвөг дээдсийн тухайн үед тогтоосон найрсаг харилцааг онцолж байсан түүхтэй. Манай хоёр улс хэдэн зууны туршид бие биеэ харилцан сонирхож, ажиглаж ирсэн. Хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зангилаа нь юуны түрүүнд бидний нэгдмэл үнэт зүйлстэй холбоотой юм. Бид хүний эрх, хуульт засаглал, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн ижил үнэт зүйлсийг дээдэлдэг. Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг. Анхны чөлөөт парламентын сонгууль болоход би уг парламентад сонгогдсон бөгөөд ардчилсан Үндсэн хуулийг санаачлан боловсруулсан гишүүдийн нэг байсан. Тэр үед би ердөө 27 настай байжээ. Тэр үеэс Францын тал биднийг байнга дэмжиж ирсэн. Улс төрийн тогтолцооны хувьд ялгаатай, олон улсын асуудлаар өөр өөрийн байр суурьтай байдаг Хятад, Орос гэсэн том хоёр хөршийн дунд Монгол Улс оршдог. Хятадтай 4700, Оростой 3800 км хиллэдэг. Гэвч бид Франц Улсыг Европын Холбоон дахь хамгийн ойр, итгэл хүлээлгэдэг “гуравдагч хөрш”-өө гэж үздэг.

Монгол Улс энэ хоёр аварга улсуудын дунд хэрхэн оршиж чадаж байна вэ?

Хөршөө хэн ч сонгодоггүй. Монгол Улсыг аварга том баавгай, луу хоёрын дунд оршдог арвай морьтой зүйрлэж болно. Бид амьдралаа залгуулж сурсан улс. Хоёр хөршийн аль алинтай нь улс төрийн болон газар нутгийн маргаан байхгүй. Тэд бидний тусгаар тогтнол, амьдралын хэв маягийг хүндэтгэдэг. Бид хөршүүдтэйгээ харилцан ярилцах, асуудлаа шийдвэрлэх механизмыг бүх шатанд нь бий болгосон. Одоогоос гурван жилийн өмнө бүтэшгүй гэмээр нэгэн саналыг би дэвшүүлсэн юм. Монгол, Орос, Хятад гурван орны удирдагчид гурвуулаа уулзах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргасан. Ийм уулзалт хэдэн зууны турш болж байгаагүй. Миний урилгыг Владимир Путин, Си Жиньпин нар нааштай хүлээн авч, хэдийнээ хоёр удаауулзацгаасан.

Чингис Хааныг Монголчууд үндэстний өвөг эцэг хэмээн үздэг. Харгис балмадаараа танигдсан энэ хааны талаар ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг вэ?

Чингис Хаан балмад гэнэ ээ? Ийм зүйл сонсох бүртээ түүнийг тийм ч муу хүн байгаагүй шүү гэж хариулдаг. Харамсалтай нь, тухайн үед олон нийтийн харилцааны зөвлөх гэж түүнд байгаагүй л дээ. Гэсэн ч тэр өнчин хөвгүүн дэлхий ертөнцөд шинэ дэг журам тогтоож, дэлхийг эзэгнэсэн хаан болж чадсан. Тэрээр өөртөө ганц ч хөшөө дурсгал сүндэрлүүлэлгүй дэлхийн талыг эзэлсэн хүн. Түүний зорьж хичээж байсан ганц зүйл бол соёл иргэншил бий болгох явдал байсан. Английн Магна Карта батлагдахаас ч өмнө буюу 1206 онд үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан бичмэл хууль цаазыг тэрээр баталж, энэхүү баримт бичгийн дагуу хаан төрийн ажлаа явуулж байсан юм. 800 жилийн тэртээ дэлхийн шинэ дэг журмын суурийг Чингис хаан тавьсан. Энэхүү хууль цаазын дагуу төрийг барьж, хэд хэдэн улсад түүнийг нэвтрүүлсэн түүх бий. Хэрэв тэдгээр улсын ард иргэд энэхүү хуулийг мөрдөхөөс зайлсхийх аваас Чингис Хаан тэднийг хатуу шийтгэж байв. 11-13 дугаар зууны үед Перст Ассасин буюу Алуурчдын нууц бүлгэм энгийн ард иргэдийг айлган дарамталж байжээ. Хоёр жилийн дотор монгол цэргүүд хууль ёс, дэг журам тогтоож чадаж байв. Ийнхүү монголчууд Перст дахин хоёр зууны турш суурьшин амьдарч байжээ. Бид яагаад түүхээрээ ийнхүү бахархдаг вэ? Монголчуудын ач буянаар өнөөдрийн Орос, Хятад хоёулаа нэгдмэл улс болж төлөвшсөн гэж оросын судлаачид үздэг. Иранд айлчлахдааби Аятолла Хаменейтэй уулзсан. Тэрээр “Бид Монголчуудыг өндрөөр үнэлж, их дотно ханддаг шүү” гэж хэлж байсан юм. “Яагаад” гэж би асуухад “Танай хаад бидэнд маш сайн зүйлсийг хийж үлдээсэн. Шийтийн шашныг Персийн гол шашин болгож, анхны одон орон судлалын төв, анхны их сургууль, анхны эмнэлэг, анхны номын сан зэргийг байгуулсан” гэж хариулсан юм. Чингис Хаан бол их ухаантай хүн байсан. Нэгэн түүх ярьж өгье. Монголчуудын ялалтаар төгссөн нэгэн тулааны дараа ялагдсан цэргүүд өөрсдийн амийг нь хэлтрүүлэх байх гэж бодон жанжнаа Чингис Хаанд барьж өгчээ. Гэтэл Чингис Хаан цэргүүдийг цаазалж, харин жанжныг нь шагнасан ажээ. Үүнд л түүний гарамгай ухаан оршиж байгаа юм. “Өнөөдөр эзнээсээ урваж зүрхэлж буй эдгээр цэргүүд хожмын нэг өдөр надаас ч урвах нь дамжиггүй” гэж тэр бодож байж. Үүнээс хойш Чингис Хаан тэр жанжинтай анд нөхөр болсон түүх байдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна