Долларын ханш энэ жилдээ буурахгүй

2016 оны 1 сарын 11

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Найман шарга” зах дээр долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд нэг ам долларыг 2002 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн оны намар манай дотоодын зах зээлд долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэнээс хойш буурсангүй. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг үзэглэсэн ч энэ жилийн хувьд эдийн засагт төдийлөн өөрчлөлт орохгүй, ялангуяа эхний хагаст улам хүндрэх магадлал ажиглагдаж буйг гадаад, дотоодын шинжээчид хэлэх болсон. Учир нь, дэлхийн зах зээлд манай улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг гол ашигт малтмал болох зэсийн ханш уналттай, оны сүүлээр 4500 орчим доллар байх болох уу гэсэн таамаглал байгаа. Мөн нүүрсний ханш унаж, экспорт улам буурна гэсэн таагүй прогнозыг салбарынхны зүгээс хийж байна.

Долларын ханш буурахгүй байгаа хэд хэдэн шалтгаан байгаа бөгөөд энэ жилд долларын өсөлт буурах эсэх талаар эдийн засагчид юу гэж хариулсныг хүргэе.

Эдийн засагч, доктор, профессор Л.Оюун:- Долларын ханшийн өсөлт эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаг. Цагаан сарын өмнөхөн долларын ханш өсдөг уламжлалтай. Ер нь энэ жилийн хувьд долларын ханш буураад шалихгүй. Учир нь, ханшийн өсөлт зах зээлийнхээ механизмаар зохицуулагддаг. Гэтэл манайд орж ирж байгаа мөнгөн урсгал татарсан. Тэгэхээр долларын ханш өнөөдрийн байгаа ханшаас төдийлөн буурахгүй болов уу?


Эдийн засагч Б.Лакшми: Эдийн засгийн өнөөгийн байдлаас харахад долларын ханш бараг буурахгүй байх магадлал өндөр байна. Нэгдүгээрт, манай улсын валютын нөөц багассан. Хоёрдугаарт, Монгол Улсын нийт экспортын хэмжээ, орлого эрс буурсан. Гуравдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Тиймээс харин ч бага зэрэг өснө гэсэн хүлээлт зах зээлд байна.


Эдийн засагч Ж.Үнэнбат: Одоогоор долларын ханш буурна гэсэн хүлээлт алга. Ер нь эдийн засаг тодорхойгүй байна. Яагаад гэвэл энэ жил сонгууль болно. Сонгуулийн үр дүнг хүлээсэн хүлээлт ерөнхийдөө эдийн засагт үүсчихлээ. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн онд үзэглэсэн ч орж ирэх санхүүжилт нь оны дараа хийгдэх болов уу. Хөрөнгө оруулагчид Монголын хууль батлах хамгийн дээд байгууллагын сонгуулийг харж, хөрөнгө оруулалт хийхээс яарахгүй байна. Эндээс харахад долларын ханш өнөөдрөөс буурна гэсэн итгэл алга.

Эдийн засагчид ингэж хариулж байна. Долларын ханшийн өсөлтөд хэд хэдэн нөхцөл, шалтгаан бий. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, экспортын орлого эрс буурсан. Гуравдугаарт, гадаад зах зээл дэх эрдэс баялгийн үнийн уналт үргэлжилсээр байгаа билээ.

Долларын эрэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан ч нийлүүлэлт өсөхгүй байгаа нь долларын ханшийг 2000 давахад хүргэсэн бөгөөд энэ жил долларын ханш доошлохгүй гэсэн мессежийг эдийн засагчид өгч байна.

Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна