Хонгконгчууд Бээжингээс хариулт шаардаж байна

2016 оны 1 сарын 11

 

Хонгконгод өчигдөр /I.10/ Бээжингийн эсрэг олон зуун хүний жагсаал дахин боллоо. Жагсагчид хэвлэлийн компанийн ажилчдыг хэрхсэн талаар Бээжингийн албаныхнаас хариулт шаардсан байна. Хятадын дарга Си Жинпиний өмнөх амрагийн тухай ном хэвлэхээр зэхэж байсан “Mighty Current Media” компанийн захирал, дөрвөн менежер өнгөрсөн аравдугаар сараас хойш сураггүй болжээ. “Mighty Current” компанийн захирал Гуй Минхай өнгөрсөн аравдугаар сард Тайландаас буцаж ирэх байсан ч сураггүй болсон аж.

 

Энэ хэрэгт хонгконгчууд Бээжингийн аюулгүй албаныхныг сэжиглэн буруутгаж байгаа аж. Тэднийг Хятадад хорьж байгаа хэмээн хамт ажиллагсад нь таамаглаж байна. Түүнчлэн хэвлэлийн компанийн ажилчид сураггүй болсон хэрэгт Вашингтон, Европын холбоо анхаарал хандуулжээ. Их Британийн колони байхад захирагчаар ажиллаж байсан Ансон Чан жагсаалд оролцож, 1997 онд олгогдсон Хонгконгийн автономит эрхийг хүндлэхийг Хятадын дарга Си Жинпинээс шаарджээ.

 

Өмнө нь 2014 онд Хонгконгод ерөнхийлөн захирагчийг Бээжингээс хараат бусаар сонгохын төлөөх суулт, жагсаал олон хоног үргэлжилж, зөрчил мөргөлдөөн гарч байсан юм. Оюутан залуусын эхлүүлсэн “шүхэрт жагсаал”-ыг Хонгконгийн удирдлагууд хүчээр тарааснаар байдал намжсан билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: TIME

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна