Тост, Тосонбумбын нурууны тусгай хамгаалалтыг яаравчлах хэрэгтэй

2016 оны 1 сарын 11

Олон улсын ирвэс хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Брэд Рютерфорд, тус нийгэмлэгийн Судалгаа хамгаалал хариуцсан захирал Чару мишрал нар ахалж Тост уул, Тосонбумбын нуруунд судалгаа хийсэн байна. Эдгээр судлаачтай УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр уулзаж Тосонбумбын нурууны өнөөгийн байдал болоод байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл агсны талаар ярилцлаа.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Тост уул, Тосонбумын нурууг тусгай хамгаалалтанд авч өгөхийг хүссэн 1500 гаруй хүний гарын үсэгтэй өргөдөл ирсэн юм. Тиймээс тусгай хамгаалалтанд авах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч гурван удаа хойшилсон. Ингэж хойшлогдож байгаа шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцолсон юм. Мөн байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг АТГ, Тагнуулын ерөнхий газар хамтарч шалгалт явуулбал илрэх магадлалтай. АТГ-ыг оролцуулах ёстой гэж байгаа шалтгаан нь цагдаагийн ажилчид оролцсон гэх хардлагыг хагална гэлээ. Харин Тагнуулын ерөнхий газар бол уул уурхайн үйл ажиллагаа тэр дундаа алттай холбоотой асуудлыг шалгадаг учир ийм байр суурьтай байна хэмээлээ.

Харин судлаачид Тост уул, Тосонбумбын нуруунд байрлах ирвэсийг судлах, Монгол Улсын газар нутгийн онцлог зэргийг судлах зорилготой ажилласан гэдгээ онцолсон. Ирвэс дэлхийн 12 оронд нутагладаг. Гэхдээ Тост уул, Тосонбумбын нуруу бол газар зүйн хувьд ирвэст хамгийн тохиромжтой нутаг гэлээ. Мөн орон нутгийн иргэд тусгай хамгаалалтад авах асуудлыг хоног тоолон хүлээж байгааг дамжуулсан юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна