“Херо энтертайнмэнт” уучлал гуйлаа

2016 оны 1 сарын 11

“Hero Entertainment” студиэс бэлтгэж, олон нийтэд хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм”, “Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн ноцтой гэмт үйлдэл гарсан тухай өнөөдөр тус студийн ерөнхий найруулагч Б.Баатар мэдэгдлээ. Тэрбээр “Энэхүү алдагдсан дүрс бичлэг, материалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр тарааж байгаад нийт үзэгчдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс хүлцэл өчье” гэсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг уран бүтээлчдийн нэр төрийг бусдад гутаах үйлдэл гарсанд харамсаж буйгаа илэрхийлээд хэвлэл мэдээллийнхнээс уучлал хүслээ.

Уран бүтээл туурвисан 10 гаруй жилийн хугацаанд тус студид анх удаа ийм зүйл тохиолдлоо гэж Б.Баатар найруулагч тайлбарлалаа. Ингэхдээ өнгөрсөн амралтын өдөр цахим ертөнцөд тархсан архивын бичлэгийг нарийн зохион байгуулалттайгаар хулгайлсан. Ганц хоёрхон хүний хийсэн үйлдэл биш гэж  “Hero Entertainment” студийнхэн үзэж байгаа аж. Тус хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллага, Оюуны  өмчийн газарт хандсан байна. Улмаар мөрдөн байцаалтын ажил эхэлсэн тул хэнийг сэжиглэж байгаа, ямар зорилготойгоор энэ бичлэгийг хулгайлж тараасан гэдэг таамгаа ярих боломжгүй гэж Б.Баатар найруулагч хэллээ. Гэхдээ хулгайлагдсан бичлэг мэргэжлийн өндөр түвшинд монтажлагдаж, хэсэгчлэн хийсэн тайлбартай байгаа нь мэргэжлийн бүлэг этгээдүүд эртнээс бэлдэж, тараасан ажиллагаа болсон тухай тэрбээр ярилаа.

Хувь хүний онцлогийг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм байна.  Өөрөөр хэлбэл, хүний сэтгэл рүү өнгийсөн, уран сайхны тавилттайгаар тухайн нэвтрүүлэгт оролцогч зочноо хэн бэ гэдгийг сэтгэлийн утсыг нь хөндөн гаргадаг. Ингэхийн тулд нэвтрүүлгийн хөтлөгчид, зураг авалтын тавилтууд бүгд найруулагчийн санаачилга доор явагддаг. Тухайлбал, хулгайлагдсан бичлэг дээрээс харагдах хоёр хөтлөгчийн зочиндоо тал зассан хэлбэр, асуултууд, үзэгдлүүд бүгд Б.Баатар найруулагчийн хөтлөгчдөдөө өгсөн үүрэг гэнэ.

Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивыг шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивд хадгалагдаж байсан байна. Гэхдээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон зочин бүрийнхээ нэвтрүүлгийг хар дүрсийг, тус бүрт нь файл буюу хавтас нээж хадгалсан байжээ.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Б.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр хийгдсэн хар бичлэг цахим ертөнцөд цацагдахад түүнийг үзсэн үзэгчид олон янзын таамаг, санааг дэвшүүлж үзэл бодлоо илэрхийлж байсан. Ихэнх үзэгчдийн гаргаж тавьсан асуулт нь УИХ-ын гишүүн Х.Баттулгатай дээрх бичлэгийг холбон тайлбарлаж, хардаж байсан юм. Тэгвэл энэ асуудалд Б.Баатар найруулагч “Х.Баттулга гишүүн бид хоёр зураач гэсэн нэг мэргэжилтэй. Хар багаасаа найзалж, нөхөрлөж, хамтарч ажиллаж эхэлсэн. Миний итгэлт ах. Иймээс энэ хүнийг улс төрийн зорилготойгоор энэхүү үйлдэлд холбож харах шаардлагагүй. Надад итгэж, миний найруулаг дор нэвтрүүлэг хөтөлж, зочинд асуулт тавьсан хоёр хөтлөгч ч энд буруугүй. Нэвтрүүлгийнхээ хар дүрсийг устгаагүй миний алдаа боллоо” гэж мэдэгдсэн юм. Одоогоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 51 дэх дугаарын бичлэг эхэлсэн явж байгаа аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна