“Cashmere Workshop” брэндийн шинэ загвар гарна

2016 оны 1 сарын 8

Бидний мэдэх Cashmere Workshop брэндийн дизайнер П.Энхмөнхөө эх орондоо ирсэн байна. Тэрбээр брэндийн 2016 оны эхний цуврал загвар болгож эрэгтэй хоёр, эмэгтэй нэг коллекц гаргасан байна. Эдгээр коллекцууд нэгдүгээр сарын 16 гэхэд өөрийн нэрийн дэлгүүр дээр худалдаалагдах аж. Мөн байнгын үйлчлүүлэгчдэдээ зориулж энэ сарын 5-15 хооронд цор ганц загварыг гаргаж өгч байгаа юм байна. Ингээд дизайнер П.Энхмөнхөөгийн бизнесийн гараа болоод Cashmere Workshop брэндийн онцлогийн талаар ярилцлаа.     

-Cashmere Workshop гэдэг нэр хүн бүрийн чихэнд хүрч чадсан. Гэхдээ танай брэнд бий болсон түүхийг зарим хүмүүс сайн мэдэхгүй байх. Энэ талаар товчхон танилцуулахгүй юу?

-Манайх 2004 онд байгуулагдсан. 2005 онд Cashmere Workshop брэндийг гаргасан. Энэ жил 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай брэнд  ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа хувьсал хийж гарч ирсэн гэж хэлж болно. Учир нь 2004 онд цөөн тооны том үйлдвэр байсан. Зарим жижиг үйлдвэр нь гадны брэндийг үйлдвэрлэж өгдөг байсан. Тухайн үед би дөнгөж сургуулиа төгсөөд ирж байсан үе л дээ. Тэгээд ноолууран эдлэлийг чамин, тансаг болгох санаа надад төрсөн. Анх бол манайх том үйлдвэртэй хамтарч ажиллаад, загвараа өгөөд гаргуулдаг байсан. Гэвч санаанд нийцсэн 100 хувь бүтээгдэхүүн гаргаж өгч чадахгүй байсан учраас өөрсдөө хийхээр шийдсэн.

-Танай Cashmere Workshop брэндийн онцлог юу вэ?

-Хамгийн анх ноолуураар энгийн загварын хувцас үйлдвэрлэж байх үед бид гоёлын тансаг загвар болгон гаргаж ирсэн. Ноолуур бол өөрөө үнэтэй материал. Үүгээр маш гоёмсог зүйл хийж байж материалын үнэ цэнэ гарч ирдэг. Монгол Улс бол ноолуурын түүхий эдээр дэлхийн зах зээлд хоёр дахь байр суурийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл хятадын дараа ордог. Тиймээс энгийн загвар гаргаад зарна гэдэг нь төдийлөн сонирхолтой биш. Бид анх 2005 онд манай Cashmere Workshop загварын шоугаа хийж байсан. Ноолуураар даашинз, гоёмсог загварууд хийж болдог юм байна гэдгийг бүсгүйчүүддээ харуулж чадсан. Түүнээс хойш жил бүр загварын шоу хийдэг уламжлал тогтоод байна.

-Танай коллекцууд хэзээ хэзээ гардаг вэ?

-Намар нэг том коллекц гарна, шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сард шинэ жилийн коллекц гаргадаг, тэгээд цагаан сарын өмнө нэг коллекц, “Мартын 8”-ыг угтаж нэг коллекц гарна. Жил бүр дөрвөн том коллекц гаргадаг. Манай Cashmere Workshop фейсбүүк хуудсаар орж загварын коллекцуудтай танилцаж болно. 

-Таныг АНУ-д амьдардаг гэж сонссон. Бүхэл бүтэн тив алгасаж амьдардаг атлаа яаж энэ их ажлыг амжуулаад байна вэ?

-/Инээв/. Сүүлийн таван жилийн турш би АНУ-д амьдарч байгаа. Жилд хоёр удаа монголдоо ирээд загварын коллекцуудаа  гаргачхаад явдаг. 12 сард шинэ жилийн коллекци гаргасан, одоо эмэгтэй нэг коллекц, эрэгтэй хоёр коллекц гаргалаа. Эдгээр коллекцууд дотор үндэсний хэв маяг шингэсэн хэд хэдэн бүтээгдэхүүн байгаа. Бусад нь брэндийн онцлог өнгө төрхөө дагасан загварууд юм. Бүтээгдэхүүн маань нэгдүгээр сарын 16 гэхэд бэлэн болоод манай дэлгүүр дээр худалдаалагдаж эхэлнэ. Үүнээс гадна зөвхөн өөртөө зориулж чамин тансаг даашинз, хувцас хийлгэх сонирхолтой үйлчлүүлэгч нэлээд байдаг. Тэдэнтэйгээ хамтарч ажиллаж байна.

-Дэлгүүр дээр байгаа мөн фейсбүүк хуудас дээр байгаа бүтээгдэхүүнийг хараад байхад эрэгтэй хувцас цөөхөн байсан. Гэтэл эрэгтэй хоёр ч коллекц гаргаж байгаа юм байна. Энэ коллекцийн онцлог нь юу вэ?

-Манай монголын эрчүүд жил ирэх тусам загварын мэдрэмжтэй, дэгжин болж байгаа хандлага ажиглагддаг. Ажил хэрэгч эрчүүд нийтээр өмсдөг загвар төдийлөн сонирхдоггүй. Тиймээс энэ удаагийн эрэгтэй коллекцууд маань нэлээд ялгарсан, загварын чиг хандлагаа дагасан, өвөрмөц бүтээл болж чадсан. Мөн жижиг чимэглэлүүд ханцуй, бугуйн хэсэгт орсон. Манай дэлгүүрт ирээд харахад л ойлгомжтой байх болов уу.      

-Таны загвараар ноолууран бүтээгдэхүүн хийлгэх гээд хүлээж байсан олон хүн байгаа байх. Магадгүй зарим нь таныг ирсэн гэдгийг мэдээгүй байж болох юм. Хэднээс хэдэн хүртэл үйлчлүүлэгчдээ хүлээж авах вэ?  

-Манай брэндийн хамгийн гол онцлог нь гоёл чимэглэл өнгө гаргахдаа бүгдийг гараар хийдэг. Зарим үйлдвэрийн өнгө хосолсон бүтээгдэхүүн нь дарайсан, хоёр өнгө нийлсэн хэсэгтээ зузаарсан байдаг. Гэтэл Cashmere Workshop брэндийн бүтээгдэхүүнд тийм асуудал гардаггүй учир хүмүүс дуртай байдаг. Би ерөнхийдөө нэгдүгээр сарын 5-15 хооронд үйлчлүүлэгчдээс захиалга авна.   

-Таньд захиалга өгье гэвэл яаж холбоо барих вэ?

-Манай дэлгүүрийн 481139 утсаар цаг аваад ирж болно. 

-Таныг инженер мэргэжилтэй хүн гэж сонссон. Гэтэл загварын ертөнцөд орж ирээд зогсохгүй маш гоё, чамин бүтээлүүд гаргаад 10 жил болчихсон байна шүү дээ?

-Оюутан байх хугацаандаа АНУ-ын нэг дэлгүүрт барааны менежерээр ажиллаж байсан. Тэгээд л энэ салбарт дурлаад ороод ирсэн дээ.

-Монголд бизнес хийх анхны гараа ямар байв?

-Хэцүү байсан. Шантрах үе зөндөө байсан. Гурван жил болж байж бизнес хөл дээрээ тогтсон.

-Таны шинэ оны ажлын төлөвлөгөөг сонирхвол?

-Шинэ загварууд хуваарийн дагуу гарна. Дээр нь энэ зун бүсгүйчүүддээ зориулж нэг том сюрприз барихаар зэхэж байгаа. Наадмаар гангарах гэсэн бүсгүйчүүдийн хүслийг манай брэнд биелүүлнэ гэж болно.    

-Баярлалаа.

Т.ДАВААНЯМ


Дэлгүүрийн хаяг: Cashmere Workshop дэлгүүр Чингис зочид буудлаас бөхийн өргөө явах замын зүүн эсрэг талд байрлаж байна. Утас: 11-481139

www.facebook.com/Cashmere-Workshop

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна