"Цэц Үндсэн хуулиа автомашинаар солиод сууж байгаа нь том эмгэнэл"

2016 оны 1 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн барьсан билээ. Тэрээр МҮОНРТ-ийн “Ярилцъя” цагт оролцож энэхүү хуулийн төслийн талаар ярилцсан юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Их хурлыг төлөөлж Цэцийн маргаануудад оролцоод, дараа нь хурлын протоколыг авъя гэхээр Цэц өгөхгүй гэсэн байсан. Үүнээс үүдэн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан уу?

 

-2012 оны сонгуулиар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийн журмаар хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заачихсан байгаа иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлууд нь шүүхийн бүх шатаар хамгаалагдаж чадаагүй гэж үзэж байгаа. Үнэхээр Үндсэн хуульд заасан миний эрх зөрчигдөөд байна гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн шүүхэд яг энэ өөрийнхөө асуудлаар өргөдөл гаргаж, хянан шийдвэрлэх боломж олгоно гэж байгаа юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнуудад энэ маргаан нийт шийдэж байгаа хэргийнх нь 94-өөс дээш хувь байдаг. Гэтэл Монгол Улсад ийм төрлийн маргаан ерөөсөө шийдэгддэггүй. Тэгэхээр манай Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн цэц маань үндсэндээ Үндсэн хуулийн шүүх биш гэсэн үг л дээ. Зөвхөн 94 хувь нь энэ маргаан эзэлж, үлдсэн зургаан хувь нь хийсвэр байдлаар хууль Үндсэн хуулийг зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг шийддэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2012 оноос хойш Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хоёр том хууль санаачилсан. Энд гадна, дотны маш олон эрдэмтний зөвлөмжүүдийг авсан. Үндсэн хуулиар мэргэшсэн гарын 10 хуруунд хүрэхгүй эрдэмтэн, судлаач байдаг. Тэр хүмүүсийг оролцуулж, практикийн сайн судалгаа хийсэн. Харамсалтай нь манай Үндсэн хуулийн цэц дотроо нэр бүхий тодорхой удирдлагууд хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар хууль тогтоогчоос дээгүүр улс төр хийгээд сууж байх нь амар, яг шүүх шиг иргэний эрхийг хэлэлцэж явахад их төвөгтэй л дээ. Илүү их ухаан зарна, үндэслэлтэй ярина, амьдралыг бодитой харах шаардлага гардаг. Энэнээс төвөгшөөгөөд, энэ нь бидэнд ашиггүй гэж тооцоод, ийм хууль өргөн бариулахгүйн төлөө байдгаараа хичээж, сүүлийн хоёр жил ажиллалаа. Арга ядаад сүүлдээ томоор нь тэр хуулийг өргөн барьж болохгүй байлаа гэхэд манай Үндсэн хууль чинь шүүх шиг эрх авчихсан боловч тэрэнтэйгээ дүйцэхүйц ёс зүй, хариуцлагын тогтолцоо ерөөсөө аваагүй. Ил тод байдал, төвийг сахих гэх мэтчилэн шүүхэд байдаг наад заахын зарчмуудыг хэрэгжүүлдэггүй. Тиймээс хуулиар тэрийг нь хийж өгөх ёстой юм байна. Тийм учраас ядаж гурван хуудас нүүрэнд багтсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой процессыг шүүхийнх шиг ил тод, төвийг сахисан, шударга, аль нэг талд урьдчилан өөрсдөө гүйж ороод шийдвэрийг өөрчлөөд гаргадаг, гаргасан шийдвэрээ гишүүдийнхээ гарын үсгийн ард нуугаад хэн, ямар байр суурьтай, ямар үндэслэл хэлсэн нь хаалттай байдаг. Энэ хаалттай бугшмал байдлаас нь гаргах ёстой юм байна гэж өргөн барьж байгаа юм. Энэ хуулийн төслийг өргөн барьж байгаатай холбогдуулан УИХ-ын Дэгийн болон зарим хуульд өөрчлөлт гарахаас өөр аргагүй гэдэг байдлаар энэ асуудлыг хөндсөн. Хөндөгдсөн асуудлууд дотор улс төрчдийн хамгийн их шуугиан тариулах гэж оролдож байгаа зүйл юу вэ гэхээр нэг сэдвийг шуугиан болгож байж, нөгөө сэдвүүдийг дарж үлдэх гэж оролдож байна л даа. Тэр нь тэтгэврийн настай холбоотой хэсэг дээр маргаж байх шиг байна.

 

-Гурав, дөрвөн жилийн өмнөөс яригдаж байсан асуудал байх нь?

 

-2009 оны Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн хүрээнд байсан. Бүр эртнийх. Яагаад энийг одоо болтол хийж чадахгүй байсан гэхээр Үндсэн хуулийн цэц дандаа өөрсдийнхөө хүслээр хууль батлуулдаг байсан. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль тогтоомжийг дандаа өөрсдөө боловсруулж оруулж ирдэг байсан. Тэд хууль санаачлах эрхгүй хүмүүс. Гэтэл өөрсдийнхөө хуулийг ямар байхыг шийддэг байсан. Өөрийнхөө хуулиас халиад хуулиуд ямар байхыг шийддэг байсан. Сүүлдээ Үндсэн хууль ямар байхыг шийдэж эхэлж байна. Тухайн үед нь зарчмыг нь бариагүйгээс болоод “даварсаар даварсаар дагвын оронд гэдэг шиг” тэлсээр, тэлсээр Үндсэн хуулийнхаа дээр гараад суучихсан байна л даа.

 

-Орон сууцны найман хувийн зээлийг зогсооход хүргэсэн шийдвэртэй холбогдуулаад Үндсэн хуулийн цэцийнхэн яагаад байнаа гэдэг асуудал анхаарлын төвд ирлээ гэж харж байна?

 

-Судлаачид, мэргэжилтнүүд, шийдвэр гаргаж байгаа тодорхой хүмүүсийн хувьд өмнө нь ийм дүр зураг бол байнга анзаарагддаг байсан. Арай ч хэтэрч байна даа гэдэг үгтэй л байсан. Дээд шүүхийнхэний захиалгаар ч нэг шийдвэр гаргаж л байдаг, Ерөнхий прокурорын захиалгаар ч шийдвэр гаргаад л явж байдаг. Өөрөө, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг бүлэг хэсгүүд шиг байлаа ш дээ. Тэр нь явж, явж улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг. Энэ найман хувийн зээл ч байна, УИХ-ын гишүүний хууль санаачлах болон шийдвэр гаргалтад оролцох эрхийг заасан заалтууд байна. Ингээд харахаар яах аргагүй бид тэнд сууж байгаа хүмүүсээс илүү тэр хүмүүсийн ажиллаж байгаа хуулийн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй юм байна гэдгийг харуулаад байгаа юм.

 

-Олон нийтэд хамааралтай зээлийн асуудал байсан учраас нэлээн газар авах шиг боллоо?

 

-Энэ хуулин дээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд шийдвэр гаргахдаа энэ шийдвэрийнхээ үндэслэлийг, ийм шийдвэр гарсантай холбоотой үр дагавраа заавал тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол байшингынхаа тасалгаанд шийдчихдэг, гадаа байгаа маш олон хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж байна ш дээ. Энэ байдлыг тодорхой болгохын тулд шийдвэрээ яаж гаргах юм, шийдвэрт юу тусгах юм, шийдвэрийг яагаад гаргаж байгаа юм, Энэ шийдвэрээс ийм үр дагавар гарна гэдгийг тооцож тайлбарлах ёстой. УИХ дээр дүгнэлт болгож оруулж ирэхдээ тэр дүгнэлттэй чинь холбоотой үндэслэл, тайлбарыг чинь шаардана. Дээрээс нь шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулж асуулт хариулт явна. Тэгэхгүй бол шийдвэр нь түрүүлээд гарчихсан. Яагаад энэ шийдвэр гарчихсан юм бэ гэхээр хэн ч тайлбар хийхгүй. Цаасан дээр нь тайлбар байхгүй. Зөн билгийн тулаанчид шиг л тэр тэгж бодсон байх, тэгж байгаа байх гэж хийсвэр бодлоор таамаглаж төрийн ажил явж болохгүй л дээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр энэ шийдвэр яаж гарсан бэ гэдэг процедурыг мэдмээр байна гэхээр хуралдааны тэмдэглэл чухал байгаа байхгүй юу. Дээр нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн нэгэн гишүүн Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд энийгээ хамгаалсан юм уу, үгүй юм уу. Тэнд очиж дүмбийж, дүмбийж суучихаад дараа нь чуулганы танхимын хуралдаанд ирчихээд нэг их мундаг хүн цээжээ дэлдсэн юм яриад байгаа юм уу. Тэрийг бас мэдэх хэрэгтэй. Мэдэхийн тулд хуралдааны тэмдэглэл хэрэгтэй. Цэцийн тухай хуулинд цэцийн үйл ажиллагаа ил тод байна гэсэн заалттай боловч Цэц өөрийнхөө дотоод журмаар хуралдааны тэмдэглэл нууц, хэнд ч гаргаж өгөхгүй гээд заачихсан. Тэгэхээр бусад улс орон хуралдааны тэмдэглэл болон Цэцийн шийдвэр нь Хуулийн их сургуулийн оюутнуудын хичээлийн гарын авлага, судлаачдын материал болдог. Төрийн байгууллага ил, тод байх ёстой зарчим бүхий хуулиуд байдаг. Тэр хуулиуд ч үйлчилдэггүй. Мухар олгой шиг Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байдаг Төрийн байгууллагын зарчмуудаасаа тасарчихсан бүтэц байна. Тэгсэн мөртлөө бүгдийн амьдрал руу шууд орж байна. Найман хувийн зээл шиг.

 

-Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн дунд хэн эсрэг санал өгсөн юм, хэлэлцэж байгаа асуудлаар хэн завсарлага аваад гараад явах эрхтэй юм гэдэг асуудлууд энэ хуулийн өөрчлөлтөөр ил болох юм байна, тийм үү?

 

-Ил болно. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн байгаа. Тухайн шийдвэртэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичих эрхтэй байгаа. Тэр тусгай саналаа хаана хавсаргадаг вэ гэхэээр тэмдэглэл дотор. Тэгэхээр тэмдэглэл нь нууц болохоор хэний ч тусгай санал ил гарахгүй гэсэн үг. Цэц олонхиороо шийдсэн гээд байгаа юм. Хэн ямар байр суурь илэрхийлсэн нь хамаагүй, нууц гээд байгаа юм. Цэц чинь яг үндсэндээ Үндсэн хууль тайлбарлаж байна нэг талаараа. Гэтэл Үндсэн хуульд ямар онолоор, ямар арга зүй, ямар түүхээр, ямар байдлаар тайлбарласан юм бэ гэдэг нь байхгүй. Бусад улс орнуудыг харахад Үндсэн хуулийн шүүгч тэгж үзсэн байна, ийм, ийм үндэслэлээр, ийм бодолтой байна, ингэж шийдвэр нь гарсан байна гээд тэр бүгд нь нийгэмд ил байдаг. Түүнээс биш Үндсэн хуулийн цэц гэсэн нэрний ард нуугддаг биш өөрийнхөө нэрээр ил гарч ингэж шийдсэн гэж зарладаг. Тэр нь буруу байх юм бол түүхэнд хамгийн буруу шийдвэр гаргасан хүмүүс гээд хуулийн сургуулийн сурах бичиг, түүхийн баримт бичигт нэр нь бичигддэг. Цэцийн есөн гишүүн бүгд тэгш эрхтэй. Хэн нэгэн даргын үгээр командлагдаад явдаг цэргийн жагсаал биш.

 

-Гишүүний асуулга нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай биш, мэтгэлцээний хэлбэртэй байж болохгүй гэдэг зүйл яриад байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ?

 

-Энэ бол шүүхэд байдаг хамгийн анхны суурь зарчим бөгөөд шаардлага. Хоёр тал маргаж байхад маргааныг шийдэх гэж байгаа шүүгч төвийг сахих ёстой. Энэ нь туйлын үнэн байна гэж урьдчилсан дүгнэлт хийж болохгүй. Тэгээд шүүх хуралдаан дээр дэнсэлж аль нь баримттай, үндэслэлтэй байна, үнэхээр үнэн зөв, үр дагавраа харсан юм яриад байгаа юм, энэ нь Үндсэн хуультай яаж холбогдож байгаа юм бэ гэдгийг харах ёстой. Гэтэл манай Үндсэн хуулийн цэцийн тухай хуулин дээр төвийг сахих байдлыг зарим хэсэг дээр дутуу орхисон байна. Үндсэн хуулийн цэц хэрэг, маргаан шийдвэрлэхэсээ өмнө аль нэг талд урьдчилсан тайлбар хийж болохгүй гэж хэлсэн боловч өмнө гэдэг үгээ юу гэж ойлгож байна вэ гэсэн чинь Цэцийн хуралдаан дээрээ цэцийн гишүүн шууд өөрийнхөө хувийн байр сууриар, ямар ч судалгаа, үндэслэлгүй, Үүн дээр арга ядаад судалгаанд үндэслэх шийдвэрийг нэг үндэслэл болгож бичиж байна ш дээ. Тэгээд хувийнхаа байр сууриар, хэн нэгний захиалгаар мэдээлэл гаргасан ч юм уу, эсвэл нөгөө тал хоорондоо мэтгэлцэх ёстой байтал нэгнийх нь өмнүүр ороод шууд мэтгэлцэж эхэлж байна. Тодорхой жишээ хэлье. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барих эрхгүй гээд Үндсэн хуулиар шийдвэр гаргасан. Энэ маргааны дунд суудлын хуралдаанд би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Их суудлын хуралдаанд нь О.Баасанхүүг оруулсан. Хуралдаанд суугаад, асуудлаа хэлэлцэж байтал Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг даргалагч нь надруу хандаад, шийдвэр гаргах нь тодорхой болчихсон байсан, хэнээс захиалга ирсэн нь тодорхой болчихсон байсан. “Та нар чинь нэг нам, танай Засгийн газар чинь ингэж бодож байгаа, дуугүй байчихаж болдоггүй юм уу, энд ирээд эсэргүүцээд байх юм” гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ. Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Нэг намыг Цэцийн хуралдаанд төлөөлөөгүй. Тэр дундаа Засгийн газрыг төлөөлөөгүй. Засгийн газрын гишүүнийг огцруулах  эсэх УИХ-ын эрх мэдэл байх уу гүй юу гэдэг асуудлын тухай ярьж байхад би илэрхийлэх ёстой  төлөөлөгчийнхөө хувьд УИХ-ынхаа эрх ашгийг хаяад Засгийн газрын талд ороод  дуугүй байна гэж юу яриад байгаа юм бэ. Энэ хуралдааны протоколыг авахыг хүсч байна гэхэд нууц учраас өгөхгүй гэж байгаа юм. Тэгэхээр цэцийн хуралдааны протоколыг ил болгоход тэнд гэмт хэргийн шинжтэй, хувийн дур зоргын шинжтэй, захиалгын шинжтэй байгаа гэдгийг харж болохуйц үйл явц зөндөө байгаа. Яагаад тэрийгээ нуугаад, дураараа шийдвэр гаргаж, алх тогшиж байгаагийн ид шид ердөө энэ хаалттай байдалд байгаа. Тийм учраас энэ хуулиар хаалттай байдлыг нээе л гэж байгаа юм.

 

-Энэ хуулийн төслийн явц нь ямар байгаа  вэ. Зарчмыг тогтоохын тулд дараа, дараагийн алхамуудыг та юу гэж харж байна вэ?

 

-УИХ-д Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн хэрэг маргаан шийвэрлэх процессын хуулийг өргөн барьчихсан байгаа. Энэ хууль хэлэлцэгдээд батлагдсаны дараа тэр процессын хууль руу орно. Үндсэн хуулийн амин сүнс гуравхан зүйл байна. Нэгдүгээрт Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх. Хэн ч халдаж болдоггүй, хүнээс салгаж болдоггүй эрхүүдийн тухай. Хоёрдугаарт нь энэ эрхийг аюулгүй байлгахын тул төрийн эрх мэдлийг хувиарлах зарчим. Гуравт нь үндсэн эрх болон төрийн эрх мэдлийг хувиарлах зарчим нь өөрөө Бүгд найрамдах буюу иргэний ардчилсан зохион байгуулалтын дотор байдаг учраас улс төрийн суурь зохион байгуулалт. Энэ гурав бол амин сүнс нь. Энэ гурвыг хамгаалах гол манаач нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл энэ гурваа мартчихаад хууль тогтоогч, парламент дотор байгаа улс төрчид шиг улс төр хийгээд яваад ний нуугүй хэлэхэд парламент олонхи, цөөнхөөрөө хууль батлах ёстой байдал тэдний дундуур Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага орж ирээд дахиад хууль тогтоогч болоод хувирчихаар ард түмэн, иргэд сонгогчид парламентыг сонгоод нэмэргүй болчихож байгаа юм. Хэрвээ бодлого тодорхойлогч байхыг хүсэж байгаа бол сонгуульд өрсөлдөж, мандат авах ёстой. Манах ёстой үндсэн хуулиа машинаар солиод сууж байна гэдэг бол том эмгэнэл.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN