“ММ” агентлаг мэдээллийн суваг болон өргөжлөө

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

“ММ” агентлаг мэдээллийн суваг болон өргөжлөө

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Монголын мэдээ буюу “ММ” агентлаг бие даасан мэдээллийн төрөлжсөн суваг болон өргөжиж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. МҮОНРТ-ийн “ММ” агентлаг, Хурд агентлаг, www.mnb.mn веб сайт, Спортын мэдээний алба, Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэж, ийнхүү “Монголын Мэдээ” сувгийг байгуулсан байна. Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж буй юм. Эхний ээлжид МҮОНТ хоёр сувагтай болж, нэгдүгээр сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Харин хоёрдугаар сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагуудыг бэлтгэж, үзэгчдэд хүргэх аж.

Мэдээний төрөлжсөн суваг байгуулах төслийг 2013 онд эхлүүлж байжээ. Ингээд өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл таван сарын хугацаанд туршилтын эфирийг бэлтгэж, нэвтрүүлжээ. Харин өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 11 ний энэ өдөр албан ёсоор мэдээллийн төрөлжсөн суваг болж, МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар цацагдаж эхэлж байна. Тус сувагт шуурхай мэдээ, өглөөний мэдээ, нэвтрүүлэг, спорт, гадаад мэдээний албууд гэсэн бүтэцтэйгээр 120 гаруй уран бүтээлч ажиллах юм. Харин бусад мэдээллийн төрөлжсөн телевизүүдээс ялгарах онцлог нь мэргэжлийн түвшинд олон талын эх сурвалжтай, баримттай мэдээллийг тэнцвэртэйгээр бэлтгэж, шуурхай хүргэх явдал юм байна.

Ийнхүү 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:11 цагт мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг МҮОНРТ-ийн “Түүхэн хаалга”-ныхаа өмнө нээлтээ хийлээ. Учир нь, энд анх 1967 онд Монголд телевизийн урлаг үүссэн түүхтэй юм. “Монгол” телевизийн хамгийн анхны эфир мэдээгээр эхэлж байсан байна. Үүнээс хойш тасралтгүй 48 жил мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж буй.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж