МАН: Оюутны тэтгэлгийг тэгш олгох ёстой

2016 оны 1 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг хэрхэх шаардлагатай талаар судлах юм байна.

Мөн бүлгээр 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор хуулийн өөрчлөлт оруулж ирж байгааг дэмжжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг МАН 2006 онд хэрэгжүүлж байсан. Эдийн засаг хүнд үед хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм, ийм ч учраас хүүхдийн 20 мянган төгрөгийг нэмэгдүүлье гэж хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ хэлэлцээгүй” гэлээ.

Хүүхэд бүрийг ялгаварлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгоход 110 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардаж байгаа аж. Тиймээс 2016 оны төсвийн тодотголтой цуг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх шаардлага тулгарч байгаа тул эл асуудлыг Засгийн газар эхний ээлжинд оруулах ёстой гэж үзсэн байна.

Дээрх асуудлыг хэлэлцэх шатанд бүлгийн зарим гишүүн 0-3 хүртэлх насны хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгох санал илэрхийлсэн бол 0-3 настай эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болох хуулийн төсөл санаачлах нь зөв гэсэн байр суурь барьсан гишүүн байсныг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мөн онцлов.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэв.

Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх болсныг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжжээ. Энэ тухай Н.Номтойбаяр гишүүн “Ардын нам ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ анх жилийн зургаан хувиар тогтоож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг найман хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга таван хувь руу оруулах боломж бүрдлээ гэдгээ мэдэгдлээ. Үүнийг дэмжиж байгаа. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ иргэд анхаарах ёстой.

Бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд нь оров гэж анхааруулав.

Мөн тэрээр МАН-ын бүлэг тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагаа дахин тавина гэдгээ онцоллоо. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдгээр төрлийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломж байгаа гэнэ.

УИХ энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж буй. Тус бүлгийн хувьд энэ асуудлыг бусад улс төрийн намуудтай ярилцаж шийдвэрээ гаргах ёстой хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ асуудлаар маргааш дахин ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй юм байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна