НӨАТ: Энэ сарын 18 хүртэл торгуульгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

НӨАТ: Энэ сарын 18 хүртэл торгуульгүй

-Иргэд тусгай код бүхий баримтаа нэхэхгүй байх тусам хуулийн хэрэгжилт улам алгуурласаар, тэр хэрээр иргэд НӨАТ-ын 20 хувийг ирэх онд авах, сар бүр сугалаанд оролцох боломжоо алдсаар байх юм-

НӨАТ-ын буцаан олголтын тусгай код бүхий баримт хэвлэхэд бэлтгэх сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 18 юм. Нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш QR код бүхий баримт хэвлээгүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцож эхэлнэ гэдгийг өнөөдөр Гааль, татварын ерөнхий газар /ГТЕГ/-аас албан ёсоор мэдэгдлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хууль батлагдмагц Татварын ерөнхий газраас /хуучин нэршлээр/ албан байгууллага, аж ахуйн нэгж бүрт албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хариуцлага тооцоход буруутах зүйлгүй. Гэсэн хэдий ч харицлага тооцохоо эхэнд тавихаас илүүтэй иргэдийг хохироохгүй байхад анхаарч байна гэж ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцоллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 11 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хойш QR код бүхий баримт хэвлэж буй үйлчилгээний газрын тоо 9300-д хүрч, нийтдээ 1 252 810 баримт бүртгэгдээд байгаа бөгөөд сугалааны хонжворын хэмжээ 168,7 сая төгрөгт хүрээд байгаа гэнэ. НӨАТ-ын 20 хувь, нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах, тэр дундаа сар тутмын сугалаанд оролцох сонирхол хүн бүрт бий. Харамсалтай нь үйлчлүүлж буй бүх газар нь тусгай код бүхий баримт хэвлэхгүй байгаа нь гачлантай. Ширхэг талх авахын тулд автобус, унаа хөлөглөн код бүхий газрыг зорих боломжгүй тул үйлчлүүлж буй газар бүрээсээ бар кодтой баримт шаардах хэрэгтэйг татварын албаныхан анхааруулж байна. Эс тэгвээс энэ хуулийн хэрэгжилт улам л алгуурласаар, тэр хэрээр иргэд НӨАТ-ын 20 хувийг ирэх онд авах, сар бүр сугалаанд оролцох боломжоо алдсаар байх юм.

Эндээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд QR код бүхий баримт хэвлэхэд ямар хүндрэл учраад байна вэ, заавал өндөр үнээр кассын машин болон программ худалдан авах шаардлагатай юу гэсэн асуулт гарч буй нь мэдээж. Өнөөдөр кассын машин худалдан борлуулах тусгай эрх бүхий 17 компани бий. Тэдгээр компанийн кассын машины үнэ ханшид хязгаар тавих эрх гааль татварын газар болоод засаг төрийн алинд нь ч байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Зах зээл дээр кассын машины үнэ ханш 300 мянгаас 1,5 сая төгрөгт хэлбэлзэж байгаа бөгөөд жижиг дэлгүүрүүд, хувиараа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд энэ үнэ өндөрт тооцогдож байгаа юм.

Кодтой баримтыг татварын албанд бүртгүүлэх тусгай программыг 340-500 мянган төгрөгийн үнэ ханшаар худалдаж байгаа талаар татварын албаныхан дараах хариултыг өглөө.

“Жижиг дэлгүүр, хоршоо, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд заавал өндөр үнээр кассын машин авах шаардлагагүй. Өөрийн барьж буй гар утас, хэрэглэж буй компьютороор интернэтэд холбогдоод иргэдийн худалдан авалт, үйлчилгээний үнэ хөлсөө бүртгүүлээд байх боломжтой. Интернэтэд холбогдох өргөн боломж бий. Нөгөөтэйгүүр хамгийн хямддаа 120 мянган төгрөгөөр QR код бүхий баримт хэвлэх боломжоор хангаж байгаа. Мөн проггаммыг үнэгүй суулгах юм. Тиймээс тусгай программ, кассын машиныг өндөр үнээр авахаасаа өмнө харъяа татварын албанд хандаж, хямд төсөр боломжоо ашиглахыг аж ахуйн нэгжүүдэд дуулгая гэсэн хариултыг өглөө.

QR код бүхий баримтаа нэхэж аваагүйгээс иргэд юун түрүүн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллаа алдаж байгааг, мөн сар тутам зарлагдаж байгаасугалаанд оролцох эрхгүй болж байгааг татварынхан сануулж байна. Хэрэв та баримтаа бүртгүүлсэн бол доод тал нь 20 мянга, дээд тал нь 50 мянга хүртэлх хэмжээний мөнгөн шагнал авах юм.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж